Монгол Улсын "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдэг нь Төрийн албаны төв байгууллагаас төрийн албан хаагчдыг шагнадаг шагнал юм.
Шагналын журамд зааснаар төрийн албанд 18-аас доошгүй жил ажиллаж,сан төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвар, амжилт гаргасан, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчийг шагнадаг. Энэхүү шагнал нь цөөн хүнд, өндөр шалгуураар олгодог нэр хүндтэй шагнал юм.
Монгол Улсын төрийн албаны тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлэхийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан олон түмний хүндэтгэл хүлээсэн төр, нийгмийн ахмад зүтгэлтэн, төрийн албан хаагчдыг олон нийтийн оролцоотойгоор тодруулан "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнах санаачилгыг Төрийн албаны зөвлөл анх удаа гаргасан билээ. Энэ санаачилгын дагуу Төрийн албаны зөвлөлийн "CSC.GOV.MN" сайтад 2016 оны 12 дугаар сард байршуулсан нээлттэй санал асуулгад нийт 1200 гаруй иргэд оролцож санал ирүүлсэн юм.
Олон нийтийн энэ санал асуулгад тэргүүлсэн Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Гавьяат эдийн засагч Думаагийн Содном, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Доржийн Мөнхөө нарт Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгийг гардуулан өглөө.