Нийлүүлэлтийн хомсдолоос үүдэн зэсийн үнэ өсөж, 2015 оны тавдугаар сараас хойших хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Дэлхийн хоёр том уурхайн нийлүүлэлт тасалдсан нь үүнд нөлөөлсөн тухай “Reuters” уламжиллаа. Дэлхийд томд тооцогддог Чилийн Эскондида уурхайн ажилчид цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялтаа үргэлжлүүлж буй гэнэ.
Тэд “BHP Billiton” компанитай дээрх асуудлаар ойрын хугацаанд зөвшилцөлд хүрч чадахааргүй байгаа аж. Мөн Индонезийн Грасберг уурхайн зэсийн экспортод тавьсан хориг үргэлжилсэн хэвээр гэдгийг “Freeport-McMoRan” компани мэдээлэв. Marketwatch. com-д дурдсанаар дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 10 орчим хувь нь уг хоёр ордод ногддог гэнэ. Улмаар тонн зэсийн үнэ уржигдар 6110 ам.долларт хүрч, арилжааны хэмжээ нь ч нэмэгдсэн байна. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа худалдах уг таваарын ханш 0.3 хувиар нэмэгдэн, тонн нь 6106 ам.доллартой тэнцжээ. Эргэн сануулахад, өнгөрсөн баасан гаригт тонн зэсийн үнэ 5872 “ногоон”-той дүйж байсан билээ