УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, ажлын албаны дарга Н.Энхтайван нар намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Бүлгийн хурлаас хууль, тогтоолын төсөл дээр ажиллах 12 ажлын хэсэг байгуулж гишүүд жигд оролцоотой ажилласан бөгөөд дангаараа болон УИХ-ын бусад гишүүдтэй хамтарч давхардсан тоогоор 19 хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьснаас батлагдсан 4, хэлэлцүүлгийн шатанд 15 төсөл байна.
Хурлын үеэр бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид УИХ-ын намрын чуулганаар сөрөг хүчин байхдаа дэвшүүлсэн хуулийн төслүүд, санал санаачилгууд, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлогууд, санал санаачилга, хуулийн төслүүдээ батлууллаа. Намрын ээлжит чуулган 85 өдөр чуулахад бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн 34 хуралдаан, байнгын болон дэд хорооны 140 хуралдаанд оролцож, бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталлаа" хэмээн онцлов.
2017 оны улсын төсөв батлахдаа тэвчиж болох зардлыг аль болох танах, үндэсний хэмжээнд хэмнэлтийн горимд шилжих, төсвийн орлого, зарлагыг бодитой тооцож, төсвийн сахилга батыг хангах зарчмыг чанд баримталсан. Эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталсан. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Олон улсын гэрээний тухай, Зөвлөлдөх санал асуулгын тухай гэх мэт хуулиудыг хэлэлцэн баталсан.
Тухайлбал, Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, азай буурлууддаа жилд 2 удаа “Насны хишиг” олгохоор боллоо. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах саналыг МАН-ын бүлэг өнгөрсөн 4 жилд тавьж ирсэн. Энэ санал санаачилга намрын чуулганы хугацаанд хэрэгжиж, тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3.0 хувиар буурууллаа. Хүүхдээ асарч буй 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор боллоо. Малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгосон хууль баталсныг МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэлдээ дурдлаа.
Мөн тэрбээр "Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн энгийн хувьцааны Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын нэр бүхий иргэдийн эзэмшиж байгаа “Монголиан Коппер Корпорэйшн” ХХК худалдан авсан асуудлыг Ажлын хэсэг шалгасны дүнд энэхүү худалдан авах ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон тул төрийн мэдэлд авах шийдвэрийг гаргасан нь энэ намрын чуулганы онцлох шийдвэр байсан. Цаашдаа манай бүлгийн гишүүд болон ард иргэдийн зүгээс гарч байгаа санал бол “Эрдэнэт” үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгох саналыг тавьж байгаа. Бид ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн хувь эзэмших бололцоо олгох асуудлыг ярилцаж шийдвэрлэнэ. Ингэснээр төрийн өмчийн оролцоотой компаниудыг олон улсын болон дотоодын зах зээл дээр нээлттэй компани болгож нийгмийн хариуцлагыг нь дээшлүүлэх том арга хэмжээний эхлэл болно гэж үзэж байгаа” хэмээн онцлов.