Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан “Петровис”, “Шунхлай” компанийг шатахууны үнээ хямдруул гэсэн шаардлага хүргүүлжээ. Дээрх компаниуд 10 хоногийн өмнө бүх төрлийн шатахууныхаа үнийг 95-100 төгрөгөөр нэмсэн юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дөрвөн ажлын хэсэг гарч, шатахууны үнийг нэмсэн нь эрх зүйн үндэслэлтэй, эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ.
Тус газрын дарга Б.Лхагва “Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад мэдэгдэж, ажлын хэсгийн хүрээнд ярилцаж байж шатахууны үнийг нэмэх ёстой. Гэтэл зарим компани мэдэгдэлгүйгээр нэмсэн. Шалгалтын дүгнэлт гарсны дараа тодорхой шаардлага тавина” гэв. Шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл үүссэн тохиолдолд Засгийн газар импортлогчдод ногдох онцгой албан татварыг бууруулж, тогтворжуулдаг.
Үнэ нэмэгдэхээс өмнө Засгийн газар импортын онцгой албан татварыг 2-3 дахин багасгасан билээ. Тухайлбал, 90-ээс дээш октантай шатахууны онцгой албан татварыг 160-аас 30 мянга, дизелийн түлшнийхийг 180-аас 70 мянган төгрөг хүртэл бууруулсан юм.