Оросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу шар тосны баярыг Эрдэнэт хотод энэ сарын 19-нд тэмдэглэнэ. Тиймээс аймгийн Засаг дарга, ОХУ-аас Эрдэнэт суугаа Ерөнхий консул болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал хамтран төлөвлөгөө гаргасан байна. Үүний хүрээнд дээрх талуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагдаж тухайн өдөр зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байна. Төлөвлөгөөнд туссанаар “Масленица” буюу шар тосны баярын үеэр А.Амарын талбайд 20 орчим асар байгуулна. Эдгээр асарт “Москва Петушки” ресторан, 19-р сургууль, “Энэрэл” төв болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Акутран” ресторон зэрэг байгууллагууд байрлаж Орос үндэстний хоолоор иргэдэд үйлчилнэ.
Мөн Монгол, ОХУ-ын ах дүүгийн найрамдалт харилцааг харуулсан урлагийн тоглолт, тэмцээн уралдаан зохион байгуулах юм. Үүнийг “Уурхайчин” соёлын ордон, “Хангарьд” спорт ордон, Хүүхэд, залуучуудын театр хамтран зохион байгуулна.