Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган ажлын 85 өдөр чуулж, төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэлээ.
Намрын чуулганы хугацаанд 2017 оны улсын төсөв, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл болон зайлшгүй шаардлагатай бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газар, төрийн бусад байгууллагад ажлаа саадгүй явуулах бүхий л бололцоог хангаж өглөө. Түүнчлэн хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталсан бөгөөд Үндсэн чиглэлд тусгаснаар УИХ 2020 он хүртэл нийт 201 хууль 12 тогтоол хэлэлцэж батлахаар байна.
Намрын чуулганы хугацаанд нийт дүнгээрээ УИХ-ын нэгдсэн хуралдаан 34 удаа болж, Байнгын болон Дэд хороод 140 удаа хуралджээ. Намрын ээлжит чуулганаар бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190 хууль, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 3 хууль, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталлаа.
УИХ намрын чуулганаараа сүүлийн жилүүдэд гаргасан бодлогын алдааг залруулахад анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтоох зарчмыг мөнгөний бодлогод тусгаж, төсвийн тооцооллыг түүнд нийцүүллээ.
Улсын гадаад өрийн асуудал төр засгийн төдийгүй эх орноо гэсэн сэтгэлтэй хүн болгоны санааг зовоосон асуудал болж байна. 2017 оны эхний ээлжинд төлөгдөх Хөгжлийн банкны 580.0 сая ам. долларын евро бондыг Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг алдахгүйгээр өнөөгийн төлөвлөж буй байдлаараа цаг хугацаанд нь бүрэн барагдуулах нь зүйтэй.
УИХ төсөв батлахдаа тэвчиж болох зардлыг аль болох танах, үндэсний хэмжээнд хэмнэлтийн горимд шилжих, төсвийн орлого, зарлагыг бодитой тооцож, төсвийн сахилга батыг хангах зарчмыг чанд баримталлаа. Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа үйлчилгээний зардлыг нэг хувиар, үндэслэлгүйгээр төсөвт өртгийг нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалтын санхүүжих дүнг 58.0 тэрбум төгрөгөөр танаж, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 9.9 байсныг 9.1 болгож 0.8 пунктээр сайжруулан, Засгийн газрын төлөвлөснөөс 180.5 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг хийсвэрээр тооцож, төсвийн зардлыг тооцоо, судалгаагүйгээр нэмдэг буруу жишгийг халж байна.
Эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг нь хангах зорилгоор Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталлаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэлийг сэргээх, Засгийн газрын авсан зээлийн зардлыг бууруулах, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх томоохон төслүүдийг эрчимжүүлэх арга хэмжээг уг хөтөлбөрт тусгасан. Хөтөлбөрт тусгасан томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр экспорт нэмэгдэж, 2019 онд 4.9 тэрбум ам.долларт хүрэх, импорт 4.4 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.3 тэрбум ам.долларт, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 1.7-2.0 тэрбум ам.долларт хүрч өсөх эерэг үр дүн гарах юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 3.0, 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрнэ гэж тооцож байна.
УИХ-аас зөвхөн хөтөлбөр батлах нь хангалттай бус, энэхүү хөтөлбөрийн зүйл, заалт болгоны хэрэгжилтийг Засгийн газар, хариуцсан бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудаас УИХ шаардаж ажиллах болно гэдгийг хэлье. Тиймээс Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг хаврын чуулганд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна.
Гадаад, дотоодын хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлж, Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүрэг бүхий Хөгжлийн банкны үйл ажиллагаа байгуулагдсан цагаасаа доголдож улсын нэгдсэн төсөв, өрийн удирдлагын томоохон бэрхшээл болон хувирсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөөд байна.
Энэхүү бэрхшээлийг шийдвэрлэх зорилгоор юуны өмнө Хөгжлийн банкны богино хугацааны санхүүгийн чадавхийг тогтворжуулан, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж өглөө.
Түүнчлэн Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулиар Хөгжлийн банкны засаглал, ил тод байдлыг сайжруулж, бие даасан байдлыг нь хангах, цаашид ямар нэгэн улстөрч, улс төрийн бүлэглэлийн дохио зангаагаар бус, харин эргэн төлөгдөх боломжтой, Монгол Улсын хөгжилд хэрэгтэй зээлийг, шаардлагатай аж ахуйн нэгжид нь олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Бодит ажлын байр, бодит орлого бий болгодог үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дэмжиж баталсан. Энэхүү хуулиар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй газар тариалан, мал аж ахуй болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа, хүнсний үйлдвэрлэл, нэхмэл болон хувцасны үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 4700 орчимжижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогын албан татварын хэмжээ 1.0 хувь болж байгаа юм.
Түүнчлэн төсвийн орлогын байдал хүнд байгаа хэдий ч импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргалаа. Ингэснээр 54 мянга гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөтгөх, бүтээмжээ нэмэгдүүлэх таатай боломж нээж өгч байна. Ингэснээр энэ салбарт ажиллаж байгаа 767 мянга орчим иргэний ажлын байр найдвартай хадгалагдах боломж бүрдэнэ.
Эдийн засгийн хүндрэлээс гарахад нь татварын бодлогоор дэмжлэг үзүүлэн, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор татвараа төлөөгүйн улмаас хаагдсан байсан 3993 татвар төлөгчийн дансыг нээснийг цагаа олсон зөв алхам болсон гэж үзэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Улсын эдийн засаг хүнд, макро эдийн засгийн үзүүлэлтүүд дордсоор байгаа боловч төсвийн сахилга хариуцлагыг чангатгах чиглэлээр гаргасан бодлого, шийдвэр үр өгөөжөө эхнээсээ бага ч гэсэн өгч байна. Сүүлийн саруудад эдийн засгийн зарим үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлт ажиглагдаж байна.
Тухайлбал, сүүлийн дөрвөн жилийн турш тасалдаж байсан төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504.8 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар давж биелсэн, төсвийн зарлага төлөвлөснөөс 173.5 тэрбум төгрөг буюу 1.8 хувиар хэмнэгдсэн байна.
Мөн эрдсийн бус бүтээгдэхүүний экспорт 1.4 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оноос 442.3 сая ам.доллараар нэмэгдсэн, гадаад худалдаа 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарахаар байна. 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн 9.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.2 их наяд төгрөгөөр өсчээ.
Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.3 тонн болж, өнгөрсөн оноос 3.2 тонноор нэмэгдсэн, гадаад валютын албан нөөц жилийн эцсийн байдлаар 1.3 орчим тэрбум ам.долларт хүрч, дотоод зах зээлд гадаад валютын ханшийн тогтвортой байдлыг хангах, ханшийн огцом өөрчлөлтийг бууруулах нөхцөл бүрдэж байна. Эдгээр нааштай өөрчлөлтүүдийг цаашид тогтвортой хадгалж, илүү сайжруулж чадах, эсэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанаас шууд хамаарна.
Төсвийн хөрөнгийг зөвхөн төлөвлөсөн арга хэмжээнд зарцуулахаас гадна, зарцуулсан хөрөнгө болгоноос иргэдэд хэрэгтэй, бодитой үр дүн гарсан байх ёстой гэдгийг онцлон хэлмээр байна. Тухайлбал, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн гэр хорооллын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох зорилгоор 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр 1562 өрх айл цахилгаанд холбогдож чадсан байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Төсөв, санхүүгийн боломж хязгаарлагдмал, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч нийгмийн халамж, хамгааллын асуудал УИХ-ын анхаарлын төвд байсаар байна. УИХ энэ чуулганаар нийгмийн эмзэг, зорилтот бүлэгт чиглэсэн хэд хэдэн шийдвэр гаргалаа.
Ахмад настны тухай хуулийг батлан гаргаж, азай буурлууддаа Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын Шинийн нэгэн болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан жилд 2 удаа, нийт 100-500 мянган төгрөгийн “Насны хишиг” олгохоор боллоо. Удахгүй болох Цагаан сарын баярыг тохиолдуулан 122 мянга орчим ахмад настанд 20.5 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгоно.
Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15 болгож 3.0 хувиар бууруулж чадсан. Цаашид ч тэтгэврийн зээлийн хүүг багасгах ажлыг шат дараалан, төсөвт дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэхийг хичээж ажиллах ёстой. Түүнчлэн, тэтгэврийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэжээгчээ алдсан тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэдэд 3 хүртэлх сарын тэтгэврийн 50 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа олгохоор шийдвэрлэлээ.
Эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл нь асрах эрхтэй боловч нийгмийн даатгалын шимтгэл нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжтэй хугацаанд нь л төлөгдөж, хоёр жил гаруй хугацаагаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасардаг байв. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд цөөхөн жил ажиллаад тэтгэвэрт гардаг, түүнээс болж тэтгэврийн хэмжээ нь маш бага тогтоогддог байсан. Энэ мэт олон жил яригдсан ч шийдэж чадалгүй өдийг хүрсэн асуудлыг нэг мөр зохицуулж, цэгцэнд нь оруулах талаар арга хэмжээ авч ажилласан. Хууль батлагдсанаар хүүхдээ асарч буй 92 мянга орчим эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг жил бүр төлж, 5800 эхийн ажилласан жил дээр төрүүлсэн болон үрчлэн авч өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор нь 1.5 жил нэмж тооцохоор боллоо.
УИХ-аас уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж яваа малчин ардынхаа тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар урагшлуулж, малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцох нь зөв гэж үзлээ.
Мөн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан гаргаж, нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн байдал нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олголоо.
Оюутан сурагчдад урт хугацаатай бага хүүтэй сургалтын зээл олгох тогтолцоог шинээр эмхлэн байгуулж, сургалтын зээлийн сангийн үйл ажиллагааг эхлүүллээ. Ингэснээр сургалтын тодорхой шалгуур хангасан 70.0 мянга орчим оюутан энэ зээлд хамрагдах боломж бололцоо бүрдсэн. Сургалтын зээлийн сангийн эх үүсвэрт шаардагдах 90.0 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт тусгасан.
2010 оноос хойш шийдэгдэлгүй 7 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад шимтгэл төлж ажилласан 1 жилийг, 6 сар цэргийн байгууллагад ажилласнаар тооцож, цэргийн тэтгэвэр тогтоолгох боломжийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бүрдүүлж шийдсэн.
УИХ-ын анхаарлын төвд байнга байх ёстой асуудлын нэг нь иргэдийн эрүүл мэндийн асуудал гэдэг нь маргаангүй юм. Зарим нэг тархалт ихтэй, эмчлэхэд хүндрэл бэрхшээлтэй өвчинтэй тэмцэхэд тусгайлан анхаарлаа хандууллаа. Тухайлбал, элэгний “Харвони” эмийн үнийг бууруулж, эмийн зардлын 40 хувийг, түүнчлэн гемодиализын аппаратад орж цус цэвэршүүлэх эмчилгээ байнга хийлгэж байгаа иргэдийн эмчилгээний төлбөрийг төрөөс бүрэн хариуцахаар болж, улсын төсөвт 24.2 тэрбум төгрөгийг тусгалаа.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Өмнөх парламентын үед шийдэж чадаагүй, нэгэнтээ буцаагдаж байсан, УИХ-д дахин өргөн мэдүүлсэн боловч хэлэлцүүлгийг хийлгүй орхисон Авлигатай тэмцэх хөтөлбөрийг энэ чуулганаар хэлэлцэн баталсан нь өнөөгийн УИХ-ын авлигатай тэмцэх хүсэл зоригийг илэрхийлж байгаа хэрэг юм. Авлигаас ангид байх үзлийг төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан болон ард түмний эрхэмлэх үнэт зүйл болгон төлөвшүүлэх нь хөтөлбөрийн гол зорилт бөгөөд түүний хэрэгжилт нь эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж, цаашид тогтвортой хөгжлийн суурь болох нь гарцаагүй юм.
Бодлогыг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих байгууллагууд, ялангуяа Авлигатай тэмцэх газар тодорхой төлөвлөгөө гаргаж үе шат, дараалалтайгаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодит үр дүн гаргахад анхаарч ажиллах шаардлагатай байна. Улс орны төр засаг авлигатай хэрхэн тэмцэж байгааг тооцдог индекс олон улсад байдаг боловч хөтөлбөрийн жинхэнэ үр дүнг зөвхөн Монгол Улсын иргэд үнэлнэ гэдгийг бид мартах ёсгүй.
УИХ энэ намрын чуулганаар хууль зүйн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Монгол Улсын Хилийн тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Олон улсын гэрээний тухай зэрэг хуулиудыг шинэчилж, иргэний улс төрийн эрхийг баталгаажуулах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг шинээр баталсан.
Гэр бүлийн гишүүд, түүний дотор хүүхэд, эмэгтэйчүүд гэр бүлийн орчиндоо амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийллийн золиос болох аливаа хандлага, үзэгдэлтэй тууштай тэмцэх ажилд шинэчлэн баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ахиц, дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна.
Хүн амын талаас дээш хувь нь амьдарч байгаа нийслэл хотын агаар, орчны бохирдлын асуудал тэвчиж болох хэмжээнээс аль хэдийнэ хэтэрлээ. Саяхан энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж УИХ, Засгийн газар холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Шинэчлэн зохион байгуулж байгаа Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын үндэсний хороо яаралтай ажилдаа орж, бодитой үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлаар тодорхой санал, шийдвэрийн төслийг Засгийн газар өргөн баривал УИХ-ын ээлжит бус чуулганыг хэдийд ч зарлан хуралдуулах боломжтой гэдгийг хэлье. Улаанбаатар хот маань зөвхөн Монгол Улсын нийслэл, нүүр царай төдийгүй бидний ирээдүй хойч үеийн ихэнх нь ажиллаж амьдрах хот гэдгийг мартах эрх бидний үеийнхэнд байхгүй.
УИХ хууль, УИХ-ын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар зохих хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдээс бүрдсэн 13 Ажлын хэсэг гарч, дөрвөн Ажлын хэсэг дүнгээ нэгтгэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар холбогдох эрх бүхий этгээдэд тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна. Тухайлбал, Туул голын бохирдлын асуудал, улсын төсөвт үйлдвэрийн газар болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийг холбогдох Байнгын хороодын түвшинд хэлэлцэн шийдвэрлэжээ.
УИХ-ын гишүүд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, зарим яам, агентлаг, сургууль, цэцэрлэг, Төрийн орон сууцны корпораци зэрэг 17 байгууллагад хүрэлцэн очиж хууль тогтоомжийн хэрэгжилттэй биечлэн танилцсан байна.
Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн энгийн хувьцааны Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын нэр бүхий иргэдийн эзэмшиж байгаа “Монголиан Коппер Корпорэйшн” ХХК худалдан авсан асуудлыг энэ чуулганы явцад Ажлын хэсэг гаргаж, нэлээд хугацаанд шалгалаа. Шалгалтын дүн, түүний дагуу авах арга хэмжээний талаар УИХ шийдвэрээ гаргалаа. Шийдвэрийн хэрэгжилтийг Засгийн газар, Хууль зүйн байнгын хороо шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Цаашдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаа, удирдлагын ил тод, хараат бус байдлыг сайжруулан, олон нийтийн оролцоо, хяналттай, компанийн сайн засаглал бүхий зохион байгуулалтын хэлбэрт шилжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна.
Түүнчлэн Боловсролын тухай болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг орон нутагт одоо ч ажилласаар байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
УИХ-ын намрын ээлжит чуулган ийнхүү завсарлаж байгаа ч түмэн олноо төрд төлөөлсөн гишүүд бидний ажил завсарлахгүй. Юуны өмнө сонгогдсон тойрогтоо ажиллаж, батлан гаргасан хууль тогтоомжоо сурталчлах, хэрэгжилтийг хангах, иргэдийн санаа бодлыг сонсох, харилцан ярилцах, гарах шийдвэрт тэдний оролцоог хангах ажил биднийг хүлээж байна. Ажлыг маань хэрхэн үнэлж, ямар дүн тавьж байгаагаа, юунд анхаарлаа илүү хандуулж, ямар шийдвэр гаргах нь чухал байгааг иргэд сонгогчид Та бидэнд хэлж өгөх болно.
Завсарлаж буй ээлжит чуулганы ард шийдвэрлэх ээлжээ хүлээж буй олон хууль, тогтоомжийн төсөл үлдэж байна. Улс орны амьдралд тохиолдож буй саад бэрхшээлийг даван туулах, уруудаж өеөдсөн эдийн засгаа сэргээх, ард иргэдийнхээ амьжиргааг өөд татах, улмаар хөгжил дэвшлийн суурийг бүрдүүлэх зорилтыг хууль, эрх зүйн хувьд ханган, бодлогоор дэмжих томоохон үүрэг хариуцлага энэ удаагийн УИХ-д ногдсон гэдгийг Та бидний хэн нь ч мартах учиргүй. Тиймээс завсарлагааны хугацаанд ирэх хаврын чуулганы бэлтгэлээ сайтар хангах, бэрхшээлт асуудлуудын ээдрээг тайлах шийдлийг олох, сонгогчдынхоо хүлээлгэсэн итгэл, найдварыг биелүүлэх чиглэлд анхаарч ажиллаарай хэмээн хүсээд УИХ-ын намрын чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.
Монгол түмэндээ, Эрхэм гишүүд Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.