Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас (МҮХАҮТ) “Бизнес итгэлийн индекс” судалгааны өнгөрсөн оны тайланг өчигдөр танилцууллаа. Энэхүү судалгаагаар эдийн засаг, бизнесийн орчны талаар иргэн, бизнес эрхлэгчид ямар байр суурьтай байгаа болон хүлээлт хэрхэн өөрчлөгдөж буйг танддаг юм.
МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа энэ үеэр “Манай судалгаанд оролцогчдын 30 хувь нь эдийн засаг, бизнесийн орчин цаашид сайжирна гэж хүлээж байгаа бол 70 хувь нь эерэг үр дүн гарна гэж найдахгүй байна” хэмээн ярилаа. “Бизнес итгэлийн индекс”-ээс иргэдийн хүлээлт жил бүр дордож буйг харж болох аж.
Тухайлбал, 2012 онд иргэдийн 13 хувь нь бизнесийн орчинд муу дүн тавьж байсан бол өнгөрсөн онд 43 хувь нь ийм үнэлгээ өгсөн гэнэ. Мөн эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажил үр дүнд хүрсэнгүй гэж оролцогчдын 73 хувь нь хариулжээ.
Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого 2012 оноос хойш тасралтгүй хумигдаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаа ч танасан гэнэ. Тиймээс төрийн албыг цомхон, чадварлаг болгох, төсвийн сахилга батыг сайжруулах, авлигатай тэмцэж, зээлийн хүүг бууруулах нь зүйтэй гэсэн саналыг бизнес эрхлэгч болон иргэд илэрхийлсэн байна. Уг судалгаанд нийслэл болон орон нутгийн 860 орчим бизнес эрхлэгч, иргэн оролцжээ.