Ерөнхй сайд Gtime хэмээх сүлжээний үйл ажиллагааг дэмжиж зарим нэг үйл ажиллагаанд нь оролцохоор боллоо гэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байсан билээ.Энэ талаарх албаны эх сурвалжын тодруулгыг хүргэж байна.
Сүүлийн үед сошиал орчинд Gtime гэх сүлжээг НҮБ-аас хүлээн зөвшөөрсөн мөн 2-р сард болох чуулганд МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцоно гэсэн мэдээллүүд цацагдаад байгаа билээ. Ийм төрлийн хууль бус үйл ажиллагаанд Засгийн газрын тэргүүн ямар нэгэн байдлаар оролцох боломжгүй юм. Холбогдох байгууллагын өгсөн мэдээллээр манай улсад энэ төрлийн сүлжээ буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхлэх үйл ажиллагааг хуулиар хориглосон байдаг.
Дахин сануулахад: Ийм төрлийн үйл ажиллагаанд Засгийн газрын тэргүүн ямар нэгэн байдлаар оролцоогүй, оролцох ч үгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэв.
Хуулийн зүйл заалтыг хавсаргав...
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
8 дугаар зүйл. Хориглох аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа
8.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
8.1.1. хар тамхи, хуульд өөрөө заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах, /Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан/
8.1.2. садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих,
8.1.3. казиногийн үйл ажиллагаа эрхлэх
8.1.4. олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа
8.2. Энэ хуулийн 8.1.3 дахь заалт нь чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй.