Иргэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд тайлангаа энэ сарын 15-наас өмнө харьяа дүүргийн Татварын албанд өгөх ёстой. Одоогоор нийслэлийн хэмжээнд 4600 орчим иргэн тайлангаа хүргүүлжээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын улсын ахлах байцаагч И.Мөнхцэцэгээс тодрууллаа.
-Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх материал бүрдүүлэх журамд өөрчлөлт орсон уу?
-Өмнө жилийнхээс өөрчлөгдсөн зүйл үгүй. Учир нь холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаагүй юм.
-Хөнгөлөлт эдлэхийн тулд иргэд орлогоо нотлох шаардлагатай болдог. Энэ нь хүндрэлтэй байна гэх юм.
-Иргэд татвар ногдох, эсвэл орон сууц худалдан авсан болон хүүхдийн сургалтын төлбөр төлсөн мөнгө нь татварын дараах орлого мөн, эсэхийг нотлох үүрэгтэй.
Жишээ нь, нэг гэр бүл 100 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэж бодъё. Тухайн өрхийн жилийн орлого 35 сая төгрөг байя. Тэгвэл шинэ орон сууцаа ямар эх үүсвэрээр худалдан авсан бэ гэдгээ нотлох шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, орон сууц худалдан авсан мөнгө нь татвар төлсний дараах орлого байх юм. Арилжааны банкнаас зээл авсан бол зээлийн гэрээ байх ёстой. Үүнийг л орлогоо нотлох гэж хэлнэ.
-Материал хүлээн авах ажлыг хэрхэн хөнгөвчилж байгаа бол?
-Татварын ерөнхий газар “Монгол шуудан” компанитай хамтран ажиллаж байгаа. Иргэн холбогдох материалаа бүрдүүлээд шуудангаар илгээж болно. Мөн тайлангаа цахимаар шивэх боломжтой.
-Одоогоор хэчнээн иргэн материалаа өгсөн бэ?
-Нийслэлийн хэмжээнд анх удаа орон сууц худалдан авч, татварын хөнгөлөлт эдлэх 820 иргэн байна. Мөн хоёр болон түүнээс олон жил хөнгөлөлт эдэлж буй 2420 иргэн тайлангаа өгсөн. Харин гадаадын их дээд сургуулийн 32, дотоодын 1390 оюутан сургалтын төлбөр төлсөн орлогоо чөлөөлүүлэхээр татварын албанд ханджээ.