Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Хот хоорондын чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” сэдэвт аян зарлаж тус аяны хүрээнд Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн замналын тухай иргэдээс санал авсан юм. Санал хураалтад оролцсон нийт иргэдийн 90.3% нь аль болох төвд ойр замналаар үйлчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Аяны хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлт мөн иргэдээс ирсэн санал асуулгын дүнг нэгтгэн Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолыг “МИШЭЭЛ ЭКСПО”-д, замналыг Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордны буудал хүртэл явуулж зорчигчдыг буулгах хүсэлт Нийслэлийн Авто Тээврийн газарт хүргүүлэн зөвшөөрөл авсан байна. Иймд Зуунмод-Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ иргэдийн эрэлт хэрэгцээний дагуу 2 дугаар сарын 10-аас буюу энэ 5 дахь өдрөөс “МИШЭЭЛ ЭКСПО” төвөөс явах болсныг иргэд та бүхэнд анхааруулж байна.