Нийслэлийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг таван жилээр сунгаж ирсэн. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 15 жилээр сунгах захирамж гаргалаа. Ингэснээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай, хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвөлт хийж,төрийн хүнд суртал, хяналт шалгалтын давхардал , дарамтгүйгээр ашиглах боломжоор хангагдаж буй алхам юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож буй процесийг нээлттэй, ил тод авилгаас ангид байх “ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байгаа иргэд, ААН байгууллагууд газрын гэрчилгээгээ 3-5 жилээр сунгуулдаг байсан. Үүнийг өнөөдрөөс эхлэн 15 жил болгон сунгаж байна. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед амины орон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй ААН-үүдийг дэмжих зүй ёсны шаардлага бий болсон. Цаашдаа Улаанбаатар хот Газрын биржтэй болно. Ингэснээрээ газрыг нээлттэйгээр, илүү зөв менежментэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох , эзэмшүүлэх боломжтой болно гэж үзэж байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.
Үүнээс хойш газар эзэмших эрхийн хугацаагаа сунгуулах шаардлагтай иргэд аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өргөдөлийг үндэслэн ямар нэгэн тусгай шаардлага, нөхцөлгүйгээр шууд 15 жилээр сунгах аж. Хамгийн гол шалгуур нь газрын төлбөрөө тогтмол төлдөг, тухайн газартаа үйл ажиллагаа явуулдаг байх юм. Харин газар эзэмших эрх авчихаад төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй аж ахуй нэгж, иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Газрын төлбөрөө төлөөд, эзэмшсэн газраа бүтээн байгуулалт, үйлдвэрлэл эрхлэж байгаа иргэд , байгууллагад бол сунгалтыг шууд хийх юм байна.
Олон жилийн турш нийслэлийн иргэдийн хардлага, шүүмжлэлийг дагуулсаар ирсэн Газрын албаны хүнд суртал, авилгын нэг хэлбэрийг таслан зогсоосон шийдвэр болж чадсанд иргэд, аж ахуйн нэгжүүд талархан хүлээн авна гэдэгт нийслэлийн удирдлагууд итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж буй энэхүү үйл ажиллагаа нь нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын менежментийг сайжруулах цогц арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь томоохон алхам юм. Эхний шийдвэр нь “Улаанбаатар хотын хорооллын дундах ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай барихаас бусад буюу орон сууц, конторын /оффис/ барилга барих зориулалтаар газар шинээр олгохгүй байх” захирамж байсан юм. Цаашлаад орон сууцны цонхыг таглан нарны гэрэл хааж барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан нь жил бүр хүүхдийн тоглоомын талбайгаа хамгаалсан иргэд, тус газар барилгын ажлаа эхлүүлэх гэсэн аж ахуйн нэгжүүдийн хоорондох тэмцэлийг зогсоож чадсан зоригтой үйлдэл байсан нь нийслэлчүүдийн сайшаалыг хүлээгээд байна. Зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгахаас гадна Улаанбаатар хотын захирагчийн албанаас олгодог зарим гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ч гэсэн эргэн харж, жил бүр сунгуулж, иргэдэд чирэгдэл учруулдаг төрийн дарамтыг байхгүй болгоно гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.