Эрдэмтэд олон улсад нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд бүтээлийнхээ тухай хэвлүүлснээр судалгааных нь ажлын үр дүнг дэлхий хүлээн зөвшөөрдөг гэдэг. Тэгвэл Японы RIKEN Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнд дархлал судлаачаар ажилладаг, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Nature” сэтгүүлд тухайн нээлтийн нэгдүгээр зохиогч буюу эрдэм шинжилгээний төслийн гол удирдагчийн нэрээр бүтээлээ хэвлүүллээ.
Монголын шинжлэх ухааны түүхэнд анх удаа монгол хүн удирдсан төслийнхөө судалгааг “Nature” сэтгүүлд хэвлүүлсэн нь энэ аж. Тэрбээр дархлааны эсийн нэгэн төрөл, байгалийн “алуурчин” Т эсийн ялгаран хөгжих арга замын талаар нээлт хийсэн аж.
Энэ нь дархлааны эсийн ялгаран хөгжлийн онолыг сууриар нь өөрчилж, шинэ түвшинд гаргах нээлт юм байна. Түүнчлэн харшил үрэвсэл, дархлааны тогтолцооны элдэв эмгэг, хорт хавдрыг дархлааны эсээр эмчлэх аргад дэвшил гаргахад түлхэц болох магадлалтай. Энэ судалгааг хийхийн тулд тэрбээр 10 гаруй жилийн хөдөлмөр зарцуулжээ.
Д.Нямбаяр нь 2001 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд Японы Хоккайдогийн үндэсний их сургуульд, 2006 онд докторын зэрэг хамгаалсан юм байна.