Иргэдийн өнгөрсөн онд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх буцаан олголтыг өчигдрөөс дансанд нь шилжүүлж эхэллээ. Цахим төлбөрийн баримтын нэгдсэн системд нийт 920.707 иргэн давхардсан байдлаар бүртгүүлсэн байна.
Давхардаагүй байдлаар 621.538 иргэн урамшуулал авах боломжтой байгаагаас 489.948 нь бүртгэлээ баталгаажуулжээ. Мэдээллээ нягтлах, засварлах сүүлийн хугацаа энэ сарын 15 хүртэл үргэлжлэхийг Татварын ерөнхий газар санууллаа. Төрийн сан өдөрт хамгийн ихдээ 50.000 гүйлгээ хийх хүчин чадалтай гэнэ.
Иргэдэд нийт 34.5 тэрбум төгрөг буцаан олгох бөгөөд энэ улиралд багтаан өгнө гэдгийг өмнө нь мэдээлж байв. “Гааль, татварын мэдээллийн технологийн төв”-ийн мэргэжилтэн Б.Чинзоригоос зарим зүйл тодруулахад, “Цахим баримтын нэгдсэн системд 920 мянга гаруй иргэн бүртгүүлсэн нь чамлахаар тоо биш гэж үзэж байгаа. Гэр бүлийн гишүүд дундаа нэг хаягтай байх нь элбэг юм билээ. Иргэд өнгөрсөн сарын 31-нд багтан нэгдсэн систем дэх мэдээллээ нягтлан, засварлах боломжтой байсныг энэ сарын 15 хүртэл сунгасан” гэлээ.