Монгол Улсыг “Стэнд бай” хөтөлбөрт хамруулах хэлэлцээр хийх ОУВС-гийн Ажлын хэсгийнхний зарим нь Монголд иржээ. Үлдсэн төлөөлөл нь өнөөдөр ирэх юм байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сангийнхан Монгол Улсад 10 орчим хатуу шаардлага тавьж буй бололтой.
Үүнд татвар нэмэх, тэр дундаа НӨАТ 10 хувь байгааг 15 болгон өсгөх, “Хүүхдийн мөнгө”-ийг нийт хүүхдийн 40 хувьд (60-аас бууруулан) олгох, төрийн албаны орон тоог цөөлөх зэрэг асуудал багтаж буй сурагтай.
Эдгээр шаардлагыг манай улс хүлээж авахаас өөр аргагүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Монгол Улсад ОУВС-гийн “Standby arrangement”, “Standby credit facility” хөтөлбөрийн алийг нь хэрэгжүүлэх, хэдий хэмжээний зээл авах нь энэ сарын 15 гэхэд тодорхой болох аж.
Хэлэлцээрийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс зарим зүйл тодруулав.
-ОУВС-тай хийж буй хэлэлцээнд талууд ямар саналтай оролцож байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-Хоёр тал эцэслэн тохирсон зүйлээ олон нийтэд мэдээлнэ. Мэдээж авах ч юм байна, харилцан тохиролцох зүйл ч бий. Янз янзын хувилбар байна.
ОУВС-гийн зүгээс нийгмийн халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх нь зүйтэй, хавтгайруулах хэрэггүй гэдэг нэгдсэн ойлголцолд хүрээд байгаа. Тохиролцооноос хамаарч төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй.
-Нөгөө талаас шинээр ямар шаардлага тавьж байна вэ?
-Өрийн тогтвортой байдлыг бий болгоход шаардлагатай мөнгөний эх үүсвэрийн хэмжээ, тооцоолол дээр хоёр тал ажиллаж байна.
-Хэлэлцээг хэзээ эцэслэх бол?
-Ирэх долоо хоногт.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд 20 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа гэдэг үнэн үү?
-Ташаа мэдээлэл байна.
-Энэ сүүлийн хэлэлцээ юү?
-Сүүлийнх байгаасай гэж найдаж байна.
-Өрийн төлбөр болох 580 сая ам.долларыг яаж төлөх вэ?
-Хэд хэдэн хувилбар ярьж байгаа. Ирэх долоо хоногийн эхэн гэхэд тодорхой болох байх.
-Өрийг өрөөр дарах гэж байгаа нь үнэн үү?
-Бараг л тийм байдлаар явна.
-Иргэд улс орны эдийн засагт нэмэр болох гэж хандив цуглуулж байна. Бидний байдал тийм хүнд байгаа юм уу?
-Ер нь бол эдийн засаг, санхүүгийн байдал хүнд байна. ОУВС-гийн хөтөлбөргүйгээр цааш явахад хэцүү. Иргэдийн зүгээс гарч буй санаачилгыг дэмжиж байгаа. Гэхдээ заавал тусламж өг гэж уриалахгүй.
-Урд хөршөөс авах зээл нааштай шийдэгдэх болов уу?
-Улс төрийн нөхцөлөөс болж түр зогссон байсан. Одоо эргээд сэргэж байгаа.