Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдрөөс эхэлсэн талаар Боловсролын үнэлгээний төвийнхөн мэдээлэв. Элсэгчид www.eec.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын 14-ний 18.00 цаг хүртэл бүртгүүлэх боломжтой. Ингэхдээ цахим үнэмлэх, цээж зураг, интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode (Боловсролын үнэлгээний төвийн төлбөрийн хэрэгсэл)-той байхад и-мэйл хаягаа ашиглан бүртгүүлж болох юм байна.
Нэг и-мэйл хаягаар олон хүүхэд бүртгүүлэх боломжгүй, зөвхөн өөрийн хаягаар нэвтрэх аж. Энэ нь алдаатай мэдээлэл гарах, бүртгэл холилдох эрсдэлээс хамгаалах гэнэ. Хэрэв бүртгүүлэхдээ хувийн мэдээллээ алдаатай буюу регистрийн дугаараа буруу оруулсан бол сургуулийн менежер, ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны (www.esis.mn) боловсролын салбарын мэдээллийн системд хандаж, засуулах шаардлагатай.
Мөн хичээл сонголтоо солих, нэмж оруулах бол дээрх цахим хуудасны “Шалгуулагчийн булан” цэсэнд нэвтэрч, өөрөө засаж болох аж. Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт заавал өгнө. Ингэхдээ ямар нэгэн хураамж төлөхгүй, босго оноо шаардахгүй.
Монгол хэл, бичгээс бусад хичээлийн шалгалт нэг бүр нь 5800, батламж хуудас 700 төгрөгийн хураамжтай. Нэг батламж хуудсаар хэдэн ч шалгалт өгч болно. Өнөө жил монгол, англи, орос хэлний шалгалтын агуулгад сонсох даалгавар нэмэгдэх гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тусгай анги гаргах, дохионы багш байлгах, шалгалтыг брайль үсгээр бэлдэх, үсгийг томруулах зэрэг арга хэмжээ авах аж.