Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928,110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Элэгний С вирусыг эмчлэх “Харвони” эмийн нэг курсын өртөг нь дэлхийн зах зээл дээр 94 мянган ам.доллар бөгөөд манай улсын хувьд “Хүртээмж” төслийн хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас 900 ам.долларын, мөн ийм нэршлээр БНЭУ-ын 4 үйлдвэрлэгчээс 150-250 ам.долларын өртөгтэйгөөр авч байгаа юм. Харин 2016 оны 12 дугаар сараас эхлэн Засгийн газар шийдвэрийн дагуу уг эмийг худалдан авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна.
АНУ-ын “Гилеад Сайнс” компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өвчлөл өндөртэй, бага орлоготой иргэдийн дунд хэрэгжүүлдэг хөтөлбөрийнхөө дагуу Архангай аймгийн 45-60 насны С вирусын халдвартай иргэдэд “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн юм. Иймд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 3000 хайрцаг эмийн холбогдох татварыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт холбогдох хууль журмын дагуу, мэргэжлийн эмчийн хяналт дор иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даалгалаа.
Судалгаагаар манай улсад гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжинд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг байна.