УИХ-ын өнөөдрийн /2017.01.27/ чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төслийн үзэл баримтлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцууллаа.
Тэрбээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг өвчний эрсдэлийг бууруулах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын нутаг дэвсгэр мал, амьтны өвчингүй эрүүл, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон төрийн болон хувийн хэвшлийн мал эмнэлгийн байгууллагын үйлчилгээнд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд хуулийн төслийг 7 бүлэгтэйгээр боловсруулсан.
Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн төслийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэх юм. Мал эмнэлгийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгуулага, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа сайжирч, мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар, үр ашиг дээшилнэ гэж үзэж байгаа.
Түүнчлэн зарим төрлийн халдварт болон шимэгчлэх өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний зардлыг мал, амьтны эзэн хариуцдаг механизмыг бүрдүүлж, улсын төсвийн ачааллыг багасах юм. Мал, сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг хянан баталгаажуулж, эрүүл тайван байдлаа хадгалсан мал, амьтны эзэн, малын эмчид төрөөс олгож буй урамшууллыг эн түрүүнд хүртээх байдлаар дэмжлэг үзүүлэх тогтолцоо бүрдэнэ хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн хэлсэн үгэндээ онцолсон.
Үүний дараа БОХХАА-н байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг санал нэгтэй дэмжсэн тухай УИХ-ын гишүүн Х.Баделхан хэлсэн юм.
Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн, Д.Ганболд, М.Билэгт, Х.Болорчулуун, Л.Энхболд, Ц.Цогзолмаа, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн, Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, С.Чинзориг, Д.Сарангэрэл, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, О.Батнасан, Б.Ундармаа нар асуулт асууж, УИХ-ын гишүүн С.Жавхлан, Г.Занданшатар, Д.Сумьяабазар, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр нар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, малыг эрүүлжүүлэх асуудлыг хөндөн асууж байсан бөгөөд ОХУ-тай хамтран ажиллахаар тохирсон хэлэлцээрийн талаар тодруулж байлаа. Түүнчлэн малд элдэв тариаг замбараагүй тарьдаг болсноос эрүүл махаар ард иргэдийг хангах асуудал хүндэрч байгаа талаар дурдаж байсан.
Хуралдаанд оролцсон гишүүд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулиудын төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг санал нэгтэй буюу нийт гишүүдийн 87.2 хувь нь дэмжлээ.