УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.27/ хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. Тэрбээр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.37-д тусгагдсан зорилтот арга хэмжээний хэрэгжилтийг хангах зорилгоор Малын генетик нөөцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол мал нь эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүнд дасан зохицож байгалийн шалгарлыг мянга мянган жилээр даван туулж ирсэн, өвөрмөц шинж чанартай, биологийн болон генетик нөөцийн хувьд дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй үндэсний генетик нөөц аж. Иймд малын генетик нөөцийн талаар баримталж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдан Монгол Улс олон улсын гэрээ конвенци, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн малын удмын санг хамгаалахтай холбоотой зохицуулж байсан харилцааны хамрах хүрээг өргөтгөж нэрийг нь өөрчлөн тодорхойлж бие даасан хуулиар зохицуулахаар хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулжээ.
Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ гэж үзэж буй юм байна. Түүнчлэн бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, судлан хөгжүүлэх, шинээр үүлдэр, омог бий болгох, нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, харь зүйлийн тархалтаас сэргийлэх, энэ чиглэлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний тогтолцоог тодорхой болгох аж. Мөн оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тогтоосноор Монгол Улс малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, ашиглах, судлан хөгжүүлэх, хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд тодорхой болгож олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл бүрдэх юм байна.
Малын генетик нөөцийн тухай хуулийн батлагдсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг Ажлын хэсэг боловсруулж, салбарын эрдэмтэн, судлаач, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулийн төлөөлөл, мэргэжилтнүүдийг оролцуулан 3 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, яамны цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авч тусгасан хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хэллээ.
Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Ц.Нямдорж, М.Билэгт, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж хариулт авсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи буюу 93.9 хувь нь дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.