Өнгөрсөн оны зун Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн улмаас 100 гаруй айл нэрвэгдэж орон гэргүй болсон. Монголын улаан загалмай нийгэмлэг тухайн үед үерт өртөж орон гэргүй болсон хүмүүст тусламж түгээж байсан. Улмаар Монголын улаан загалмай нийгэмлэг Кувейтын Засгийн газарт хүсэлт тавьж, орон гэргүй болсон иргэдэд туслахыг хүссэн юм. Бидний хүсэлтийг тус улсын Засгийн газар хүлээн авч, Монгол Улс дахь Элчин сайдын яамаар дамжуулан төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Өнөөдөр энэхүү төслийн гэрээнд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Төслийн гэрээнд МУЗН-ийн Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Халид Иатим Аль Фади нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү гэрээгээр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 35 айлын байшин, цэцэрлэгт хүрээлэн, 100 гаруй хүний мөргөл үйлдэх масжид сүм, 10 ширхэг гэрлийн шон, явган хүний зам, ундны усны хоёр худаг зэргийг барьж байгуулахаар боллоо. “Кувейт хотхон” төслийн нийт зардал 277,835 ам. долларт багтаж байна. Энэ оны наймдугаар сар гэхэд хотхон бүрэн баригдаж дуусна.
Төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд эрхэм Элчин сайд оролцож үг хэллээ. Тэрбээр . “Кувейт хотхон”-ны тухай танилцуулаад МУЗН-ийн удирдлагууд санаачлан шийдвэр гаргах үйл ажиллагаа хүртэл идэвхтэй хамтран ажилласанд талархал илэрхийллээ. Мөн өнгөрсөн хугацаанд тус аймгмийн үерт нэрвэгдсэн айлуудад хүргэсэн тусламжаа танилцуулав.
Элчин сайд Халид Иатим Аль Фади хэлэхдээ, Кувейт Улсын “Аукаф” нийгмийн сангаас үерийн дараа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн газарт цахилгааны шугам сүлжээ барих ажилд зориулж 48 мянган ам доллар, мөн уг газар нутагт 5 ширхэг гүний худаг гаргах ажилд зориулж 12 мянган ам долларын буцалтгүй тусламж буюу үерт нэрвэгдсэн айл өрхүүдэд зориулж нийт 60 мянган ам доллар хандивласныг Элчин сайдын яам, Баян-Өлгий аймагтай хамтран үер болсноос хойш гурав сарын дараа буюу өнгөрсөн оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн билээ. Мөн бид Монголын улаан загалмайн нийгэмлэг, Монголын Ислам шашинтны Муфтиат холбоотой хамтран үерт нэрвэгдсэн 205 айл өрхөд үзүүлэх 64,709.63 ам долларын өртөг бүхий тусламжийн нэгдүгээр багцыг гардуулсан юм.
Элчин сайдын яам энэхүү тусламжийн хоёрдугаар багцийг мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ойрын ирээдүйд гардуулах болно. Өнөөдөр “Кувейт хотхон” барих гэрээг нь үзэглэж, хотхоныг барьж байгуулах 120840 метр квадрат хэмжээтэй газрыг гарган өгч, асуудлыг түргэн хугацаанд шийдэж өгсөн Баян-Өлгий аймгийн удирдлагуудад талархалаа илэрхийлье” гэв.
Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Энхболд хэлэхдээ, Кувейт Улс, Монгол Улс 1975 онд дипломат харилцаа тогтоосон. 1995 онд Засгийн газар хоорондын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулснаас хойш хоёр орны хамтын ажиллагаа улам идэвхжсэн юм. 1999-2000 онд монгол оронд тохиолдсон зудын хохирлыг арилгахад зориулж, Кувейтын Засгийн газраас 500 мянган долларын буцалтгүй тусламж олгож, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд идэвхтэй хувь нэмэр оруулж байсан.
Өнгөрсөн оны 7 дугаар сард Баян-Өлгий аймгийн Өлгий суманд болсон үерийн гамшигт өртсөн иргэдийг орон сууцтай болгох, амьдралын нөхцөлийг нь сайжруулахад Кувейт улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Эрхэмсэг ноён Халид Иатим Аль Фадли ихээхэн анхаарал тавьж, МУЗН-тэй идэвхтэй, ойр дотно хамтран ажиллаж байгаад гүн талархлаа илэрхийлье.
Энэхүү төслийн үр шимийг олон Казак иргэн хүртэж, Кувейтын ард түмний халуун сэтгэл, дэмжлэгийг хүлээн авах болно.
Үерийн гамшигт өртсөн иргэдэд туслах талаар Кувейтын Засгийн газар, Монгол Улсад суугаа Элчин сайдын яам онцгой анхаарал тавьж, 205 айл өрхөд хүнсний тусламж үзүүлэх хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаад дахин талархал илэрхийлье.
Монголын улаан загалмай нийгэмлэг гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай, цаг хугацаандаа амжилттай хэрэгжүүлэх болно.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд сүндэрлэн босох “Кувейт хотхон” манай хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа, хүмүүс хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд хамгийн сайхан жишээ, үлгэр дууриалал болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэв.