Ам.долларын ханш энэ оны эхний долоо хоногт чангарч, өнгөрсөн 8-нд “Найман шарга” захад ченжүүд “ногоон”-ыг 2500 төгрөгөөр худалдан авч, 2504 төгрөгөөр зарж байсан. Тэгвэл америк мөнгөн тэмдэгтийн ханш буурлаа. Тус захад өчигдөр 14 цагийн үед ченжүүд ам.долларыг 2478 төгрөгөөр аваад, 2482-оор зарж байв.
17 цагт тэнд ам.долларыг 2475 төгрөгөөр авч, 2480 төгрөгөөр борлуулж байлаа. “Найман шарга” захын нэгэн ченж “Бараг сүүлийн долоо хоног ам.долларын ханш суларч байна. Хүмүүс доллар худалдан авах нь багассан. Харин ам.доллар зарж байгаа хүн олон байна” гэв.
Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш уржигдар 2487.89 төгрөгтэй дүйсэн нь он гарснаас хойших хамгийн доод үзүүлэлтэд тооцогдов. Тодруулбал, энэ сарын 1-нд уг ханш 2489.53 төгрөг байсан бөгөөд 10-нд хамгийн дээд буюу 2498.75 төгрөгт хүрсэн билээ.
Өчигдрийн валютын дуудлага худалдаагаар банкууд 2473.64 төгрөгийн ханшаар 6.7 сая ам.доллар худалдаж авах, 2487.31 төгрөгийн ханшаар 18.4 сая ам.доллар худалдах, 355.31 төгрөгийн дундаж ханшаар 47 сая юань худалдан авах санал ирүүлэхэд Төвбанк дуудлага худалдаагаар саналыг биелүүлээгүй байна. Банкууд нэг сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 20 сая “ногоон” худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлэхэд Монголбанк ам.долларын своп хэлцлээр 20 сая ам.доллар худалдан авчээ.