Монголбанк арванхоёрдугаар сарын гадаад худалдааны тойм судалгааг өчигдөр танилцууллаа. Манай улсын гадаад худалдааны эргэлт 2016 онд өмнөх жилээсээ хоёр хувиар хумигдаж, 8.3 тэрбум ам.доллартой тэнцжээ. Экспорт өссөн ч импорт багассан нь үүнд нөлөөлөв. Нүүрс, алтны экспорт нэмэгдэж, нийт хэмжээ нь таван хувиар тэлжээ.
Тухайлбал, манай улс энэ онд 25.6 сая тн нүүрс өмнөд хөршид нийлүүлсэн нь өмнө нь байгаагүй өндөр дүн болсон бөгөөд үнийн дүн нь бараг нэг тэрбум ам.долларт дөхөв.
Нүүрсний дэлхийн зах зээл дэх үнэ болон биет хэмжээ нь өсөж, ам.долларын орох урсгалыг нэмэгдүүлсэн байна. Харин эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болон нефтийн импорт буурлаа. Тухайлбал, нефтийн импорт 25 хувиар багасчээ. Шатахууны хилийн үнэ 2013 оноос үргэлжлэн хямдарч байгаа ч өнгөрсөн жилийн эцэст гурван сар дараалан өссөн юм.