2017 онд Америкийн Нэгдсэн Улс Монгол Улсын хооронд Дипломат Харилцаа тогтоосны 30 жилийн ойтохиож байна. Ойн хүрээнд АНУ-ын Элчин Сайдын Яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран АНУ-ын‘Break of Reality’ цөөхүүл хөгжмийн хамтлагийг Монголд урьсан билээ. Уг хамтлаг МУ-ын Морин Хуурын Чуулгатай хамтран “Өрнө Дорнын Аялгуу” тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Тоглолт 2017 оны 1-р сарын 27-нд 17:30 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа ганцхан удаа болох ба хоёр орны соёлын солилцоо, хөгжмийн хэлээр харилцан ярилцсан үдэш байх болно. Тоглолт олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй тоглогдох бөгөөд тасалбарыг Монголын Урлагийн Зөвлөлд хандан авна.
“Break of Reality”цөөхүүл хөгжмийн хамтлаг нь 2003 онд Нью-Йорк хотод байгуулагдаж, Хойд Өмнөд Америк, Европ, Азид аялан тоглолт, цомгийн нээлтээ хийж байсан. Пост-классик урсгалаар бүтээлээ туурвидаг тус хамтлагийн виоленчел хөгжмийн рок дуугаралт нь сонгодог, рок,дэлхийн хөгжмийн гүүр болдог.
АНУ-ын Засгийн Газраас 2015 онд “Хөгжмийн элч” хамтлагаар сонгогдсон тус хамтлаг Монгол дахь аялан тоглолтынхоо хүрээнд Монголын театр, чуулгын мэргэжлийн хөгжимчид ба утсан хөгжмийн мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчдад сургалт явуулж, харилцан туршлага солилцох юм.
Мөн олон нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, орчин цагийн дэлхийн хөгжмийн хөгжлийг таниулах зорилгоор Монголын Хүүхдийн Ордны Их танхимд 2017 оны 01-р сарын 24-ний 16:00 цагаас ЕБС-ийн сурагчдад үнэ төлбөргүй тоглолт зохион байгуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia.usembassy.gov, http://www.artscouncil.mn сайт болон 319015 дугаарын утсаар холбогдож авна уу.