Баянхонгор аймгийн төв Баянхонгор сумын Засаг дарга өнгөрсөн намар захирамж гарган, ерөнхий боловсролын сургуулиудын дотоод журамд хичээлийн цагаар багш, сурагчид гар утас ашиглахгүй байх, “Утасгүй орчин” гэсэн тэмдэглэгээг байрлуулахаар заажээ. Мөн “Ухаалаг утаснаас товчлууртай утас руу шилжих” санаачилга өрнүүлж буй бөгөөд сургуулийн орчинд цахим хэрэгслийг зохистой ашиглах талаар эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулжээ. Цахим орчны хяналтгүй хэрэглээ нь хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай мэргэжлийн байгууллагын сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг цаашид тогтмолжуулахыг ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.
Засаг даргын захирамжийн хүрээнд сургуулийн орчинд ухаалаг утас ашиглахгүй болсноор сурагчид анги хамт олноороо хичээлдээ илүү их анхаарал тавьж, идэвхтэй оролцдог болсны зэрэгцээ багш нарт ч өөрчлөлт мэдрэгдэж буйг Баянхонгор сумынхан онцоллоо.