УИХ-ын гишүүн Г.Занданшатар тойргийнхоо иргэдэд арьс нэхий элдэж боловсруулах жижиг үйлдвэрийг хүлээлгэн өгч, сургалтанд хамрагдаж буй шинэхэн ажилчиддаа хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ:
“Сүүлийн жилүүдэд Монгол улсын хэмжээнд малын түүхий эд арьс ширний үнэ үнэгүйдэж байгаа нь малчдын маань өрхийн орлого, аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Иймд Баянхонгор аймгийнхаа 7-р тойрог буюу Шинэжинс, Жинст, Баянлиг, Богд Баянговь, Өлзийт сумдуудад арьс нэхий элдэж боловсруулах жижиг үйлдвэрийг хүлээлгэн өгч, сургалтанд хамрууллаа. Цаашид энэхүү жижиг үйлдвэрийг улам өргөжүүлэх бүх талын боломжоор хангахын төлөө хичээн ажиллах болно” гэлээ. Элдсэн хонь хурганы арьсаа эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээл дээр гарган борлуулж иргэдийнхээ амжиргаа хэрэгцээг хангахын зэрэгцээ үнэгүйдэж буй түүхий эдийнхээ үнийг өсгөн хоршоо хэлбэрээр ажиллахаа сургалтанд хамрагдсан сумдын иргэдийн төлөөлөл хэллээ.
Аймгийн Засаг дарга дээрх тоног төхөөрөмжийн эрхийн бичгийг аймгийн ИТХ-ын хуралдааны үеэр сумдын Засаг дарга нарт гардууллаа. Тэрээр энэ үеэр уг төхөөрөмжийг хэрэгтэй хүнд нь олж өгөх ёстойг сануулсан юм.