“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Хятадын гадаад хөрөнгө оруулалтын 4 дэх удаагийн форум энэ сарын 16-17-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд Монголын талаас Засгийн газрын гишүүн, Зам тэврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Шадар сайдын ажлын алба, Гадаад хэргийн яам болон бусад яам, агентлаг, МҮХАҮТ-ын төлөөлөгчид, бизнесийн байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм. Тус форумыг Монголын талаас Засгийн газрын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ахалж, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, ач холбогдлын талаар танилцууллаа.
Тэрээр БНХАУ-ын Засгийн газар Төв болон Зүүн өмнөд Азийг бусад бүс нутгийн орнуудын өргөн хүрээг хамарсан дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалт хийх, эрчим хүчний хөгжил, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих зорилготой Торгоны зам сан байгуулсан явдал нь орчин үеийн дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, интеграцын үйл явцад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолсон юм.
Ташкент хотноо 2016 оны 6 дугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулагдсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурав дахь удаагийн уулзалтаар дэлхийн хамгийн том хоёр тивийг холбосон Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь гурван улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын хамтын ажиллагааг хамарч байгаа бөгөөд, гурван улсыг холбосон зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудал гол байр суурийг эзэлж байна.
Цаашид “Эдийн засгийн коридор”-ийг хөгжүүлэхэд суурь үндэс болох бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, тэнцвэржүүлэх нэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа ийнхүү Монголын талаас илэрхийллээ.