УИХ-ын гишүүд элэг шилжүүлэн суулгахад тулгарч буй бэрхшээл, төрөөс авах арга хэмжээ, хуулийн асуудлаар эмч нарын санал бодлыг сонсож, төвийн үйл ажиллагаатай танилцсан. Гишүүдийн зүгээс ард иргэдийн төлөө бүхнээ дайчлан ажиллаж буй эмч нараар бахархаж, баярлаж байгаагаа мөн төрийн зүгээс, хууль эрх зүйн хувьд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллахаа хэллээ. Мөн тэд Улсын төв эмнэлэг маань маш их ажлыг хийж байгааг харж ойлголоо гэлээ. Үнэхээр энэ эмнэлгийнхэн маань бахдам тэгсэн хирнээ чимээгүй даруу ажиллаж байна.1-р эмнэлгийнхэн бөөр, элэг, чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байна. Одоо зүрх шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр бэлтгэж байна. Тэд төрөөс сайтар дэмжээд өгвөл аль болох олон хүний алтан амийг аврахын төлөө ажиллана гэж байна. Эх нялхсын эмнэлэгт цус алдан хэвтэн буй 7-хон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг маш хурдан хиймээр байна гэж эмч нар хоолой зангиран хэлэх. Донор нь ээж нь ороход бэлэн, даан ч мөнгө байхгүй гэнэ. Ийм хэдэн зуун хүн ээлжээ хүлээн, бүртгүүлсэн ч зарим нь мөнгө төгрөг, зарим нь донор, нөгөө талдаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа төрийн дэмжлэгээр хөгждөг гэдгийг УИХ-ын гишүүдэд ойлгуулсан үр дүнтэй уулзалт боллоо гэж эмч нар баярлаж байна. Эмч нар иргэдийнхээ өмнөөс энэ хагалгааг хийхэд эрүүл мэндийн даатгалаас 70, өвчтөнөөс 30 хувийг гаргах асуудлыг ч тавьсан.