1980-аад онд АНУ-ын хүн ам 225 сая байжээ. Тэдэнд тус бүр нэг зоос өгөөд, тэмцээн зохион байгууллаа гэж төсөөлөхийг “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн ерөнхийлөгч Уоррен Баффетт жирийн иргэдээс хүсэж байв. Зоосоо шидэхэд сүлдээрээ буусан нь дараагийн өдөр дахин азаа үзэх эрхтэй болох агаад 10 хоногийн дараа 220.000 орчим хүн үлдэх гэнэ. Дахин 10 хоног өнгөрсний дараа зоос шидэх эрхтэй 215 хүн үлдэхийг хөрөнгө оруулах нууцаа 1984 онд дэлгэхдээ тэрбээр жишээ татан ярьжээ.
Зургаан настайдаа өвөөгийнхөө дэлгүүрээс зургаан ширхэгтэй багц колаг 25 центээр авч, нэг бүрээс нь таван центийн ашиг олон зарж байсан, Омахагийн зөнч (төрөлх хотынх нь нэр) хочтой Уоррен Баффетт өдөр бүр хувьцаа худалдан авч, зараад ашиг олох нь 1.000.000:1 магадлалтайг дээрх жишээгээр илэрхийлж байсан аж. Хувьцааг авсан даруйдаа зарах бус, аль болох урт хугацаанд хадгалах нь зүйтэйг тэрбээр ийн зөвлөсөн хэрэг.
Өнгөрсөн онд 60.8 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн хамгийн баян хүмүүсийн гуравдугаарт (“Forbes”) эрэмбэлэгдсэнээр нь Уоррен Баффеттыг хэр сайн хөрөнгө оруулагч болохыг мэдэж болно. Хувьцаа биш, бизнес худалдан авч байна гэж боддог тэрбээр хөрөнгө оруулах сонголтоо зөв хийвэл амжилтад хүрэхийг зөвлөдөг.
1990-ээд онд долоо хоног тутам хувьцаа худалдан авч, түүнийгээ зардаг байсан ч нэг их ашиг олоогүйгээ (шимтгэлийн хураамжтай холбоотойгоор) Монголын нэгэн хөрөнгө оруулагч өгүүлэв. Хэрвээ 2000 онд 10 хүрэхгүй сая төгрөгөөр худалдаж авсан хувьцаагаа хадгалсан бол өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болох байсныг тэрбээр тооцчихож. Гэхдээ 2009 онд түүний нэгжийг нь 4000 төгрөгөөр авч байсан “Атар- Өргөө”-гийн хувьцааны ханш өдгөө 62.000 төгрөгөөр үнэлэгдэж буй.
Тэгвэл өчигдрийн байдлаар 10.160 төгрөгтэй тэнцэж байсан “Говь” компанийн хувьцааны ханш цаашид 70.000-д хүрэх боломжтой гэж мэргэжлийнхэн төсөөлж байна. Хувьцааны ханш нь өсөх магадлалтай компанийг сонгон, хөрөнгө оруулахад заавал мэргэжлийн болох гэж зүтгэж, техник шинжилгээ хийх гээд хэрэггүй. Эхний ээлжинд ирээдүйг нь харж, зах зээлд танигдсан бүтээгдэхүүнтэй, түүнийг нь хүмүүс дуртай хэрэглэдэг, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй, өрсөлдөгчөөсөө ялгарах давуу талтай гэж тооцсон компанийнхаа хувьцааг сонгоход буруудахгүй аж.
Талхаа “Талх чихэр”-ээс, пальтогоо “Говь”- иос худалдан авдаг бол хувьцааг нь ч бас сонирхоод үзэхэд гэмгүй гэсэн үг. Хамгийн олон өрөөтэй, үнэ нь боломжийн тул үйлчлүүлэгч ихтэй “Баянгол” зочид буудлын хувьцааг сонгож болох нь. Уоррен Баффетт бургерт нь дуртай учраас “McDonald’s”, колаг таашаадаг учраас “The Coca Cola”-гийн хувьцааг авсан байдаг. Монголын нэгэн хөрөнгө оруулагч Уоррен Баффеттынх шиг зөвлөгөө өгч байгаа биз. Тэгэхээр хаана байх нь ялгаагүй, гагцхүү сонголт л чухал юм байна.
Монголчуудын дийлэнхийнх нь хөрөнгөө арвижуулах сонголт банкинд хадгаламжтай болох гэвэл буруудахгүй. Хугацаатай, хугацаагүй, ам.долларын, эсвэл төгрөгийн хадгаламжтай байхын аль нь дээр гэдгийг тэд “анзаарсан болоод” л сонголтоо хийдэг. Иймээс ч “Монголын хөрөнгийн бирж”-ийн өдрийн арилжааны дүн “Нарантуул” захынхаас хэд дахин бага, 10 гаруй сая төгрөгт эргэлддэг биз. Нэг жилийн өмнө “Монгол шуудан” компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх нэмэлт хувьцаа (нэгж нь 185 төгрөгийн үнэтэй) гаргахад ердөө 350 иргэн худалдаж авсан гэдэг.
Өчигдрийн байдлаар тус компанийн хувьцааны ханш 355 төгрөгт хүрсэн гэхээр 90 гаруй хувиар өссөн гэсэн үг. Хэдэн зуун мянгаа байг гэхэд ядаж 3500 хүн уг хувьцаанаас эзэмшиж болох л байсан. 1990 онд өмч хувьчлалаар 10.000 төгрөгөөр хувьцаа худалдан авах эрх иргэдэд олгосон. Тухайн үед олон хүн 7000 төгрөгийн цэнхэр тасалбараа 50, 100 төгрөгөөр зарсан, зарах гээд гуйж байсан түүх бий. Өдгөө ч үүн шиг гэнэн байдлыг бидний олонх гаргасаар буй.
Монгол Улсын эдийн засаг -1.3 хувьд хүрээд байсан 2009 оноос 2011 оны хооронд Топ-20 индекс 4798-аас 28.999 нэгж болж цойлсон. Хэдий хөөс хагарсан ч 20.802 нэгжид хүрсэн байдаг. Эндээс Топ-20 индекст багтдаг 20 компанийн хувьцаанд хөрөнгө оруулсан бол хоёр жилд мөнгөө тав дахин өсгөх боломжтой байсныг хүмүүс анзаарсан нь хэр бол.
САЙН ЖИШЭЭ БА ДАВУУ ТАЛ
1990 онд 100 төгрөгийн ханштай байсан “Баянгол” зочид буудлын хувьцаа 48.000, “Шивээ-Овоо”-гийнх таван төгрөг байснаа 3000-д хүрч байжээ. Түүнчлэн АПУ-гийн хувьцааны ханш 70.000, “Сүү”-гийнх 150.000 төгрөгт хүрч, жижиглэсэн тохиолдол бий. Өмч хувьчлалаар авсныгаа зараагүй бол өндөр үнэлгээтэй хувьцааны эзэн байх боломж байсан нь эндээс төвөггүй ойлгогдоно. Энэ мэт ханш нь дээшилсэн түүхтэй компаниудын сайн жишээ цөөнгүй. Гагцхүү хувьцааг арилжааны хэрэгсэл гэж ойлговол өрөөсгөл аж.
Хэдий манай хөрөнгийн биржид арилжиж буй хувьцаануудын төвлөрөл их, хөрвөх чадвар сул ч ашиг олж чадахгүй гэсэн үг биш юм. Нөгөө талаас зах зээлийн хөрвөх чадваргүй байх тусмаа хувьцааны үнэлгээ хямд байх талтай гэнэ. Гадаадын орнуудад санхүүгийн өртөг нь хямд байдаг. Хадгаламж, зээлийн хүү маш бага, бараг хүүгүй шахам тул иргэд нь хувьцаа, бонд зэрэг санхүүгийн хэрэгслийг худалдан авсаар байгаад ханшийг нь тэнгэрт тултал өсгөчихдөг аж.
Тэгэхээр дотоодын өндөр өгөөжтэй хувьцааг сонгож чадвал боломжийн байх нь. Хөрөнгийн зах зээлд оролцоно гэхээр хувьцаа авах л сонголттой гэсэн үг биш. Засгийн газрын үнэт цаасны хүү өндөр буюу 18-д хүрснээс гадна уян хатан нөхцөлтэй. Засаг дампуурна гэж айлтгүй тул найдвартай.
Есөн сарын хугацаатай ЗГҮЦ аваад зургаан сарын дараа мөнгөний шаардлага гарлаа гэхэд хоёрдогч зах зээлд арилжиж орхино. Аль аль худалдан авагч өөрт ногдох ашгаа авах давуу талтай. Харин банкны хугацаатай хадгаламжинд мөнгөө “данслуулчихаад” гэнэт мөнгө хэрэг болоод авбал хугацаагүй хадгаламжийн хүүгийн бараг талаар бодож өгнө.
МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ
IPO хийх, нэмэлт хувьцаа арилжих нь цөөн, ажин түжин хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний тоог өсгөхөд арилжааны банкуудыг оролцуулж болох юм. Монголын хөрөнгийн биржийнхэн үүнд манлайлж, банкуудыг уриалж чадвал хэн хэнд нь ашигтай. Нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай компани банкнаас таван тэрбум төгрөгийн зээл хүслээ гэж бодъё.
Нийт зургаан тэрбум төгрөг. Үүний зургааны тавыг банк гаргах нь мэдээж өндөр эрсдэлтэй. Энэ ч үүднээс “Компанийнхаа үнэлгээг нэмэгдүүл. Зургаан тэрбумын талыг нь банк гаргая” гэж болно шүү дээ. Санхүүгийн салбарын 95 гаруй хувийг эзэлдэг банкныхан эрсдэлээ бууруулахаас тэгтлээ татгалзахгүй биз. Банкуудаас хүүтэй зээл авахын оронд хувьцаа арилжин, санхүүжилтийн тодорхой хэсгээ хөрөнгийн зах зээлээс босгох нь аж ахуйн нэгжүүдэд ч ашигтай.
Мөн банкуудаас зээл авч байгаа бол 1-2 жилийн дотор хөрөнгийн биржид хувьцаагаа гаргах шаардлага тавих, эсвэл тендерийн шалгаруулалтад бүртгэлтэй компаниудыг оролцуулж ч болох шүү дээ.
Өнгөрсөн оны хоёрдугаар улирлын байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 800.000 иргэн, аж ахуйн нэгжийн үнэт цаасны данс бүртгэлтэй байгаа ч ердөө 10 орчим хувь нь арилжаанд идэвхтэй оролцож буй нь чамлалттай тоо. Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Санхүүгийн салбарт банкнаас бусад зах зээлийн эзлэх хувийг 10-15-д хүргэхийг зорино. Энэ бол зөвхөн санхүүгийн зохицуулах хорооныхны амбийц биш. Монгол Улсын төр, засгийн бодлого гэж ойлгох ёстой. Олон ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхнээс нь хийж байна” хэмээн өгүүлсэн байна лээ.
Энэ хүрээнд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах нь лавтай. Эцэст нь хэлэхэд, хөрөнгийн зах зээлд зөвхөн мэргэжлийн хүмүүс оролцдог гэвэл өрөөсгөл. Хүн эдгээх эмч биш учраас тэр. Мэдээж брокер, дилерийн компаниуд, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах нь чухал. Сонголтоо хийж, хувьцаа худалдан авсан бол компанийн талаарх муу мэдээ гараагүй аваас ханш нь буурах төдийд сандралгүй, багадаа 2-3 жил “хав дарах” хэрэгтэйг нэгэн хөрөнгө оруулагч дуулгасан юм.
Эс бөгөөс хөрөнгийн зах зээлтэй танилцах “аялал”-аа 18 хувийн хүүтэй, татваргүй ЗГҮЦ худалдан авахаас эхэлж болно шүү дээ. Зөв сонголт хийж чадвал баялгийн хуваарилалтаас үр ашиг хүртэхээс гадна эдийн засагт хувь нэмрээ оруулах гээд ач холбогдол ихтэй. Гагцхүү нэг өдрийн дотор баяжина гэж мөрөөдөх хэрэггүй. Зоос дандаа сүлд талаараа буухгүй шиг хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулаад алдагдалд орох эрсдэл ч бийг сануулъя.