УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг танилцуулж, Мал эрүүлжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнгийн мэдээллийг сонсов. Түүнчлэн энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэгдэх Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүд, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг шуурхай хэлэлцэх хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ. Ялангуяа Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл чухал. УИХ 2014 онд шийдвэр гаргаж Дотоодын цэргийг татан буулгасан. Эргээд дотоодын цэргийг сэргээн байгуулахтай холбоотой хуулийн төсөл оруулж ирж байна. Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нэлээд удаан яригдаад орж ирлээ. Цагдаатай холбоотой олон асуудлыг цэгцлэх, ялангуяа ард иргэдэд цагдаагийн байгууллагаас хүрч байгаа үйлчилгээг сайжруулах, иргэддээ чиглэсэн бодлого үйл ажиллагааг явуулах хуулийн төсөл учраас бүлгийн гишүүд дэмжсэн. Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл ихээхэн чухал хууль. Өмнөх парламент дээр яригдаж байгаад анхны хэлэлцүүлгээсээ буцсан.
Засгийн газар байгуулагдсанаас хойш мал эрүүлжүүлэх, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тухайлбал, ОХУ, БНХАУ-д малын гаралтай түүхий эд экспортлох ажлыг авч хэрэгжүүлж байгаа учраас дээрх хоёр хууль нэн чухал байна. Тодорхой хуультай болсноор мал аж ахуйн салбарт тулгамдаж буй олон асуудлыг цэгцлэх боломж бүрдэнэ. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль бол шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарах хуулийн төсөл юм” гэв.