Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн ахлах референт Цээхээгийн Адъяахишигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 170 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасныг Комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр гардуулан өглөө.
Ц.Адъяахишиг нь 1987-1993 онд Баянгол дүүргийн шүүхэд бичээч, 1998-1999 онд Хууль зүйн яаманд сайдын туслах, мэргэжилтэн, 2000-2003 онд Улсын Их Хурлын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2008 оноос өнөөг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комисст хүний эрхийн боловсрол, сурталчилгаа хариуцсан референт, ахлах референтээр идэвх санаачлага, үр бүтээлтэй ажиллаж байна.
Тэрээр “Хүний эрх” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар 2009 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд нийт 32 дугаарыг эрхлэн гаргасан байна. Мөн Хүний эрхийн боловсрол, сурталчилгааны ажилд зориулж бэлтгэсэн 30 төрлийн 80 гаруй мянган ширхэг ном хэвлэл, гарын авлага, тараах материалыг бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон юм.