Бүх нийтэд тал бүрийн мэдлэг олгох боловсролын цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэгч, судлаач Б.Уранбилэгтэй ярилцлаа. Тэрбээр энэхүү хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн судалгаа хийж, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх замаар хүүхэд, залуусын хөгжлийг дэмжиж байна.
-Хэзээнээс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болов?
-2000 оноос хойш Монголын нийгэмд олон таагүй, зүй бус, болох болохгүй үйл явдал өрнөх болсныг та бид нүдээр харж, чихээр сонсож, мэдэрч ирлээ. Монгол Улсын иргэн, багш, эрхзүйч мэргэжилтэйн хувьд, мөн эмэгтэй хүн учраас би нийгэм дэх болж бүтэхгүй зүйлсийг зүгээр хараад сууж чадаагүй юм.
Үнэндээ бол нэг шавь маань “Багш аа, шатахуун түгээх газарт ажилд оруулаад өгөөч. Цалингаа баталгаатай өгдөг юм байна” гэж гуйснаас үүдэн хөтөлбөр хэрэгжүүлэх санаа анх төрсөн. Их, дээд сургуульд төлбөр төлж 4-6 жил сурчихаад ажилгүй, ингэж яваа залуус хэр олон байгааг хамгийн түрүүнд судалж, үүний шалтгааныг тодорхойлох шаардлагатайг олж харсан. Зөвхөн энэ биш, өөр дөрвөн чиглэлийн судалгааг 2009 оноос эхэлсэн.
Тухайн үед гэр оронгүй, гудамжны гэх тодотголтой хүүхдүүд олширч, насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэссэн нь дараагийн судалгааны сэдэв болсон. Эдгээрийн үр дүнд их, дээд сургууль төгссөн дипломтой ажилгүй залуус, гурав хүртэлх насны хүүхэдтэй залуу эхчүүдийн тоо нэмэгдэхгүй, өнчин болоод насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох явдал багасах, гэр бүлийн боловсрол дээшлэх зэрэг олон эерэг өөрчлөлт гаргах зорилт тавьсан.
Гурав дахь судалгаа нь эх хэлээ дээдэлж, эх орноороо бахархах үзэлтэй хүүхэд, залуусын тоо багассан шалтгаан, дөрөв дэх нь англи хэлийг ерөнхий боловсролын сургуульд долоон жил судалдаг хэрнээ үсгээ ч мэдэхгүй, өчнөөн курс, сургалтад суучихаад гадаад хэл эзэмшиж чадахгүй байгаагийн учрыг нягталж тогтооход чиглэсэн.
-Нийт хэдэн хүн хамруулсан бэ?
-Судалгааныхаа үр дүнг цаасан дээр биччихээд орхихыг хүссэнгүй. Сум, аймаг, хот гээд хөгжлөөрөө ялгаатай газруудад амьдардаг иргэд боловсрол гэдгийг хэрхэн ойлгож буйг судалж тогтоох гэж 15-82 насны нийт 37.000 гаруй иргэнтэй биечлэн уулзаж, ярилцсанаараа энэ судалгаа нэлээд ач холбогдолтой, бодитой болсон.
Мөн боловсролын сайн үйлсийн аян болгон өрнүүлсэн төдийгүй мянга мянган өнчин хүүхэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрхийн гишүүдэд хүрч ажиллаж, тэдэнд амьдрах итгэл өгснөөрөө онцлог юм.
-Боловсролын сайн үйлс гэдэгт ямар ямар ажлыг хамруулж ойлгох вэ?
-Улсын маань ирээдүй болсон хүүхэд, залуусыг амьдралд алдахаас нь өмнө амжиж уулзан, мэргэжил сонгохоос илүү ирээдүйгээ зөв тодорхойлж сурах зам зааж өгөхийг зорьдог. Харин алдсан нэгэнд нь дахиж алдахгүй, зөв сонголт хийж, ирээдүйдээ итгэлтэй алхах урам өгдөг юм. Боловсролын сайн үйлс гэхээр хүмүүс гайхаж магадгүй л дээ.
Хүүхдийнхээ сурах бичгийг ч авч чадахааргүй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй айлд өөрийн биеэр очиж, гэр бүлээрээ сурах боломжтой, судалгаанд суурилсан бүтээлүүдээ өгдөг. Хувцас, хоол тараах, эсвэл байнга хоол, хувцастай байлгах арга зам зааж өгөх хоёр газар, тэнгэр шиг ялгаатай. Үүгээрээ л бидний ажил бусдаас ялгарч буй юм.
-Их, дээд сургууль төгссөн, дипломтой ажилгүй залуус яагаад олшроод байна вэ?
-Гурван шалтгаан байна. Ерөнхий боловсролын сургуульд сурч буй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгох талаар хангалттай мэдлэг мэдээлэлгүй. Хоёрдугаарт, мэргэжлээ сонгоход нь эцэг, эхчүүд хүүхдэдээ тусалж чаддаггүй. “Хүүхэд маань дээд сургуульд орж л байвал боллоо. Ямар мэргэжил эзэмших нь хамаагүй” гэсэн өрөөсгөл ойлголт газар авчээ. Гэр бүлийн боловсрол тааруу гэсэн үг. Сүүлийн шалтгаан нь төр засагтай холбоотой.
Төрийн холбогдох байгууллагууд боловсон хүчин бэлтгэх системтэй бодлого явуулдаггүй нь дипломтой ажилгүйчүүд олшрох гол шалтгаан. Хүүхдүүдээ зөв мэргэжилтэй, орлоготой байлгах тал дээр эцэг, эхчүүд, төр засгийн аль аль нь сайтар анхаарч ажиллах хэрэгтэй нь судалгааны үр дүнд тодорхой болсон. Миний хувьд эдгээр судалгааны ажлынхаа эцсийн үр дүнд хүүхдүүдийг мөрөөдлөө зөв тодорхойлж, тодорхой зорилго чиглэлтэй болгох тал дээр ажилласан.
-Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь ихсэж, цаашлаад гэр оронгүй хүүхдүүд олшрох болсон шалтгаан таныхаар юу вэ?
-Монголчууд ганзагын наймаа хийх, эсвэл гэрээгээр гадаадад очиж ажиллах болсонтой холбоотойгоор гэр бүл салах нь ихэссэн. Энэ нь хүүхдүүд гэрээсээ дайжих гол шалтгаан юм. Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх болсон нь ч үүнтэй холбоотой. Дахиад иргэний болон гэр бүлийн боловсрол яригдаж байгаа биз. Өсвөр үеийнхий хүмүүжил, төлөвшил болон эрүүл мэндийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар байна.
Ахмад үеэ сонсохоо больчихсон, эх хэлээ дээдэлж, эх орноороо бахархах үзлийг хөсөр хаяж, гадаад орныг дээдлэн шүтэх хүн олширсон учир шалтгааныг бид гурав дахь судалгаагаараа тодрууллаа. Монгол хүүхэд бүрийг Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй болгож хүмүүжүүлэх нь иргэн бүрийн үүрэг. Гадаад хэл гэхээсээ илүү монгол хэлээрээ зөв ярьж бичдэг, мэндэлдэг, ахмад настныг хүндэлдэг, бие биедээ тусалдаг болгон хүмүүжүүлж, төлөвшүүлэх ёстой.
Дөрөв дэх судалгааны үр дүнд ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний сургалтын тогтолцоо, сурах бичигт асуудал байгааг илрүүлсэн. Багш нартай уулзаж байхад “Бид өөрсдөө хүртэл зарим зүйлийг ойлгодоггүй. Тэгэхээр яаж сайн заах вэ” гэж илэн далангүй ярьж байсан. Олон жил англи хэл үзсэн хэрнээ үр дүн гарахгүй байгаа нь сууриа сайн тавиагүйтэй холбоотой.
Аливаа зүйлийг сурахын тулд зайлшгүй суурийг нь тавих шаардлагатай шүү дээ. Тиймээс би богино хугацаанд хоцрогдлыг арилгах, суурийг нь сайн тавьж өгөх зорилготой “Багшгүйгээр англи хэл сурцгаая” бүтээл гаргасан.
-Та бас эрүүл мэндийн чиглэлээр судалгаа явуулдаг юм билээ. Энэ нь өмнөх судалгаануудтай хэрхэн холбогдож байгаа вэ?
-2009-2011 онд дээр дурдсан дөрвөн чиглэлийн судалгаагаа явуулж дууссан. 2012 оноос тухайн үеийн Ерөнхий сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдад судалгааныхаа үр дүнг танилцуулахаар олон удаа хандсан ч хүлээн аваагүй. Тиймээс “Бүх нийтэд тал бүрийн мэдлэг олгох боловсролын цогц хөтөлбөр”-ийн хоёрдугаар шатыг эхлүүлж, өөрийн нөөц бололцоонд тулгуурлан хүүхэд, залууст хэрэгтэй соён гэгээрлийн ажил явуулах болсон юм.
Тухайн үед хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байлаа. Юуны урьд хүүхдүүд, оюутнуудад зорилгоо зөв тодорхойлох, англи хэл сурах талаар лекц уншиж, тэдэнд хэрэгтэй бүтээл гаргах ёстой гэж бодсон. Хөдөөгийн иргэд ихэвчлэн зурагтнаас мэдээлэл авдаг учраас телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээр шийдсэн юм. Ингээд судалгаанд суурилсан, судлаач нь өөрөө хөтөлдөг “Амжиж сонс” нэвтрүүлгийн анхны дугаарыг 2013 оны нэгдүгээр сард олон нийтэд хүргэж байлаа. Нэвтрүүлгийн зочдын талаас илүү хувь нь анагаахын салбарынхан байдаг учраас иргэд бидэнд хандаж, “Тэр эмчтэй хэрхэн уулзах вэ” гээд зовлонгоо ярьдаг болсон.
Энэ нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг нь яах аргагүй анагаахын салбартай салшгүй холбоотой байсан учраас эрүүл мэндийн судалгаа хийх болсон. Нийгмийн анхаарал, халамж шаардлагатай хүмүүст хүрч ажилладаг хүний хувьд өсвөр насны хүүхдүүд буруу төлөвшсөнөөс гэмт хэрэгт өртөж, насанд хүрээгүй охид биеэ үнэлэх, үр хөндүүлэх зэрэг асуудлыг зүгээр хараад сууж чадаагүй. Эрүүл мэндийн судалгааны хувьд иргэд эрүүл мэндээ хамгаалах талаар хэр мэдлэгтэй, яагаад өвчнөө хүндэрснийх нь дараа эмнэлэгт ханддаг зэргийг судалсан юм.
Ингэхдээ хүнд өвчтэй 200 гаруй иргэнтэй ярилцахад 89-95 хувь нь “Өвдсөнөө мэдээгүй явсаар нэг л мэдэхэд хүндэрсэн байсан” гэж хариулсан. Судалгааны эцсийн үр дүнд иргэд эрүүл мэндээ хамгаалах мэдлэг тааруу байгаа нь тодорхой болсон юм. Энэ асуудал нь эцсийн дүндээ иргэдийн боловсролын асуудалтай л холбогдоно шүү дээ. Эцэг, эхчүүд хүүхдэдээ бүрэн анхаарал хандуулахгүй байна. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд төр засгийнхан анхаарахгүй байгаа.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн, хүмүүжлийн хичээл зайлшгүй оруулах ёстой. Тэгвэл хүүхдүүд амьдралдаа алдаа эндэгдэл гаргах нь багасна шүү дээ. Дашрамд хэлэхэд, Монгол Улсын хөгжилд иргэн бүрийн хувь нэмэр чухал. Тэр дундаа эцэг, эхчүүд хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлж, анхаарал тавих нь хамгийн том тус юм.
-Дээрх судалгаануудад найман жил зарцуулсан юм байна. Санхүүжилтийг нь хэрхэн шийдэж байв?
-Эхний таван жил өөрийн хүч, нөөц бололцоогоор бүхнийг амжуулсан. Харин 2013 онд эхний гурван судалгааныхаа бүтээлийг гаргах болсон нь бэрхшээл дагуулсан. Баярлууштай нь, боловсролын сайн үйлсэд маань нэгдсэн зарим байгууллага, хувь хүн болон найзууд минь хүртэл чадлаараа л тусалсан. Маш том ажил учраас бэрхшээл олон байсан ч яаж ийгээд ажлынхаа ард гарсан. Энэ ажил эхэлсэн цагаас л гадаад найзууд, сайхан сэтгэлт монголчууд маань ч боломжоороо тусаллаа.
Тэтгэврээ зээлж өгсөн настан ч бий. Найман жилийн хугацаанд засаг таван удаа солигдохыг үзлээ. Тэглээ гээд ард иргэдийн амьдрал сайжирсангүй, харин ч оюуны хоосрол, ухамсрын доройтол улам газар авав. Төр засаг нь иргэдийнхээ хөдөлмөр, авьяас, чадварыг үнэлж чадахаа больчихлоо. Би судалгаа хийх хугацаандаа Ерөнхий сайдад цөөнгүй хандаж байлаа.
Үгүй гэхгүй, холбогдох яамдад дэмж гэсэн утга бүхий бичиг илгээдэг ч ажил хэрэг болсон нь үгүй. Зарим дарга, улстөрчид тусална гэж хэлдэг ч үнэхээр дэмжсэн нь ховор. Өнгөрсөн найман жил миний хувьд их сорилтын жил байсан гэхэд болно.
-Судалгааны үр дүнд үндэслэн хамгийн түрүүнд, нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай ажил юу вэ?
-Улсаа хөгжүүлье гэвэл соён гэгээрлийн довтолгоо яаралтай явуулаач ээ гэсэн уриалгыг төр засгийн удирдлагуудад хүргэмээр байна. Энэ нь манай улсын хөгжлийн гарц болно. Аймшигт гэмт хэргүүд гарахаас эхлээд энэ нийгэмд чинь муу муухай үүрлэчихлээ. Өөрчлөхийн тулд эхлээд хүнээ хөгжүүлж, иргэдээ соён гэгээрүүлчихвэл улсын хөгжил аяндаа зөв тийш эргэнэ. Яг үнэндээ одоогоор нийт хүн амын 80 хувьд нь төр, нийгмийн хамгаалал, хайр халамж хэрэгтэй болчихоод байна.
-Хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэх үү?
-Иргэн бүрт тал бүрийн мэдлэг олгох боловсролын цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд сайн үйлсийн 247 ажил, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой 1000 өрхөд гэрээрээ суралцах боломж олгох бүтээл гаргасан, “Амжиж сонс” нэвтрүүлгийн 43 дугаар бэлтгэсэн зэрэг олон ажил амжуулжээ.
Мөн судалгаандаа суурилж, иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Багшгүйгээр англи хэл сурцгаая”, гэр бүлийн боловсрол, хүний хөгжил, мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай өгүүлэх “Сайхан амьдрах боломж танд ч бас байгаа” тэргүүтэй, иргэдийн өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэхүйц гурван бүтээл гаргасан. Ойролцоогоор бүтэн болон хагас өнчин 14.000 орчим хүүхдэд сурах бичгээ гардуулсан. Одоо аймаг бүрт очиж ажиллах том даваа үлдээд байна.
“Амжиж сонс” нэвтрүүлгийн 43 дахь дугаараар саяхан Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай ярилцсаны дараа Монгол Улс минь яана даа гэж гутарсан шүү. Зөв залж чадвал гуравхан сая хүнийг сайхан амьдруулах нь манайх шиг баялаг ихтэй оронд тийм ч хэцүү асуудал биш баймаар. Гэтэл одоо байдал ямар байгаа билээ.
“Өгье гэвэл ганцаасаа” гэдэг үг байдаг шиг бид хүнд хэцүү үеийг туулсан ч чармайн зүтгэсээр ажлынхаа ард гарах гэж байна. Энэ онд аймаг бүрт очин, тайлангаа танилцуулахаас гадна ард иргэдийн амьдралд хэрэг болохуйц лекц уншсанаар хөтөлбөрийн үйл ажиллагааг өндөрлөхөөр төлөвлөсөн. Дээр дурдсан гурван бүтээлээ олон нийтэд нээлттэй борлуулж, орлогоор нь уг ажлыг хийх юм.
Саяхнаас иргэдэд мэдээлэл хүргэж эхлээд байна. Таксины жолооч залуу 1000 км явах түлш хандивлахаар болсон. Энэ маягаар ажил эхэлж байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, зөв бодлоготой бизнес хийдэг байгууллага, хувь хүмүүс манай бүтээлүүдээс авч сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна. Энэ үйлдэл нь бидний найм дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн төгсгөлийн шатыг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр болно.