УИХ-ын чуулганы хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг ийнхүү хэлэлцэн гишүүдийн 93.6 хувийн саналаар хэлэлцэхээр болж Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-аас 2013 оны долдугаар сарын 5-ны өдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 1-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Тодруулбал, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг эмнэлэгт эрүүлжүүлдэг болсон нь багагүй хүндрэл учруулаад байсан. Иймээс уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, түүнчлэн төрийн захиргааны төв байгууллагын харьяаллыг оновчтой болгох зорилгоор энэхүү хуулийн төсөлд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулж байгаа юм. Үүнд:
- Эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд, түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллана.
- Эрүүлжүүлэх байрны нөхцөл, эмчилгээ, үйлчилгээний журмыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд, үйлчилгээний төлбөрийг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахаар тус тус хуулийн төсөлд тусгалаа.
- Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах зохицуулалтыг, түүнчлэн үйлчлүүлэгч догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахаар бол уг этгээдэд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт заасан журмын дагуу номхотгох аргыг хэрэглэж болох зохицуулалт, эрүүлжүүлэх үйлчилгээнээс олсон орлогыг эрүүлжүүлэх үйл ажиллагаанд нь зарцуулахаар хуулийн төсөлд тус тус тусгасан.
Төрийн захиргааны төв байгууллагын харьяаллыг оновчтой шийдвэрлэснээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу зохицуулна гэж үзэж байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн хэв журмыг сахиулах хуулийн зорилт бодит утгаар хэрэгжиж, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, тусламж үйлчилгээний хүртээмж, чанарт эерэгээр нөлөөлөх юм байна.
Хэлэлцүүлгийн үеэр:
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрүүлжүүлэхийн асуудал үнэхээр хүнд байсан. Эрүүжүүлэх байрны нөхцөл ч бас хүнд шүү дээ. Эрүүлжүүлэхэд хэдэн эмч байх вэ?
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: УИХ-ын гишүүн, Албадан эрүүлжүүлнэ гэдэг нь өөрийгөө авч явах чадваргүй болсон хүнийг албадан эрүүлжүүлэхийг хэлж байгаа юм. Тэрнээс биш халамцуу харих гээд явж байгаа хүнийг албадаад эрүүлжүүлэхэд аваачаад хийнэ гэж байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Өөрийгөө хянаж чадахгүй болтлоо согтсон хүнд тусламж үзүүлэх асуудлыг бид ярьж байна. Ямар нэгэн байдлаар баярлаад, шахуулаад согтчихсон, маргааш нь зүгээр ажлаа хийгээд л явах хүн шүү дээ. Тиймээс бид хүнлэг хандах ёстой. Хүний нөөц, хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Эрүүлжүүлэх өмнө нь цагдаад байгаад болж байсан юм аа. Эрүүлжүүлэхэд ороод 30 минут болоход тэсэхийн аргагүй байдаг юм даа. Иймээс цагдаад өгөх нь зөв. Орон тоо нь байсан, байр байшин нь ч байсан юм. Шинээр байр байшин барих шаардлагагүй.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Өөрийгөө хянах чадваргүй болсон хүнийг эрүүлжүүлэх нь тийм ч амар биш. Хордлогыг нь тайлж эрүүл мэндэд нь анхаарна гэдэг чухал асуудал. Иймээс эрүүл мэндийн ажилтны орон тоог шийдэх ёстой. Гэхдээ бага зардлаар. 600 гаруй орон тоо нэмэгдэх тооцоо гарсан. Албадан эрүүлжүүлэх биш албадан саатуулах гэж ярьмаар байна. Эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагад, эрүүл мэндийн асуудлыг эрүүл мэндийн байгууллага хариуцана гэж оруулж ирсэн. Эмнэлэг, цагдаа уялдаатай ажиллах ёстой. Сайхан баярлаж, наадаад халамцуу гэртээ харьж байгаа нөхдийг эрүүлжүүлэхгүй шүү дээ. Согтчихоод хэрэг төвөг тарьсан, бусдын аюулгүй байдалд халдсан нөхдийг л эрүүлжүүлж байгаа шүү дээ.
Эрүүл мэндийн сайд н.Цогцэцэг: Өөрийгөө хянаж чадахгүй болсон иргэдийг цагдаагийн байгууллагад эрүүлжүүлдэг тогтолцоог эргүүлж байгаад бүх эмнэлгийн байгууллагын ажилчдын зүгээс талархаж байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтод хэлмээр байна.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: 2016 онд согтуугийн 149 мянган дуудлага авсан байна. Орон нутаг 31 мянга, орон нутагт 58 мянга гээд 87 мянган хүнийг эрүүлжүүлсэн. Үүнээс “тасарсан” гэх 6780 хүнийг эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн байна.