Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдын 30 айлын орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр боллоо.
Энэхүү ёслолын ажиллагаанд ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Сургалт арга зүй, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир, Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Л.Мөнхцэцэг, Төв аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Алимаа, Шүүхийн шинжилгээний албаны дарга, хурандаа Б.Болдбаатар, аймгийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Эрдэнэ, Зэвсэгт хүчний 016-р бригадын захирагч, хурандаа Х.Даваацэрэн, барилгын ерөнхий гүйцэтгэгч “Тариат харз” ХХК-ны захирал Б.Бат-Амгалан нар оролцов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хөгжлийн стратеги хөтөлбөр”-т “Бие бүрэлдэхүүнийг орон сууцаар хангах хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэх арга хэмжээг тусгасан. Энэхүү хөтөлбөрийг алба хаагчид маань дэмжин ажиллаж байгаа нэг жишээ бол Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдын 30 айлын орон сууцны барилга юм.
Хүнд нөхцөлд ажилладаг алба хаагчид маань амьдрах орчин нөхцөл, орон сууцны асуудлыг өөрсдийн бололцоог ашиглан байгууллагатай хамтран шийдвэрлэж, байгааг онцлоод тус албаны хамт олонд ажлын өндөр амжилт хүсэв.
Тус барилгын 1 метр квадратын үнийг 650,0 мянган төгрөгөөр тооцон алба хаагчид өөрийн хөрөнгөөр бүрэн санхүүжүүлэн, “Тариат харз” ХХК-иар гүйцэтгүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын “Хуулийн байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” 2006 оны 54 дүгээр тогтоолоор төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогын хүрээнд шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдыг 2006-2016 онд орон сууцаар бүрэн хангах хөтөлбөр боловсруулж, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр баталсан.
ШШГБ нь уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Орон сууцны хөтөлбөр”-ийг боловсруулж, ялтныг ажлын байраар хангах, төсөвт зардлыг хэмнэх зорилгоор өөрийн хөрөнгө болон алба хаагчдын орон сууцны зээлийн эх үүсвэрээр 2006 оноос хойш Нийслэлд 710 айл, хөдөө орон нутгийн 16 чиглэлд 466 айл, нийт 1176 айлын орон сууц барьж, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.