Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон Автотээврийн үндэсний төвийн холбогдох албаныхантай өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Автотээврийн техникийн хяналт, үзлэгийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэд автотээврийн техникийн үзлэг, хяналтыг хэрхэн зохион байгуулж байгаатай биечлэн танилцаж, автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, хорт утаа ялгаруулах хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлс, цаашид анхаарах, сайжруулах асуудлын талаар харилцан санал солилцлоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах, насжилт өндөртэй тээврийн хэрэгсэлд хяналт тавих танилцуулга хийсэн. Мөн үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ЗТХЯ-аас анхаарч, хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байгаа талаараа салбарын сайд танилцууллаа. Тэрээр “Автомашинаас ялгарах утааг багасгах, автомашины хяналтын үзлэгийн чанарыг сайжруулах үүднээс шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн Монгол Улсад нийт 284 суудлын вагон ашиглагдаж байгаа бөгөөд жилд 1000 гаруй тонн нүүрс ашиглаж байна. Тиймээс утаагүй түлшийг ашиглах тушаал шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдээллээ.
Түүнчлэн баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашиныг хязгаарлах, татварын бодлогоор зохицуулах саналыг Сангийн яаманд хүргүүлээд байгаа аж. Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож буй 400 мянган тээврийн хэрэгслийг судлаад үзэхэд баруун талдаа хүрдтэй, өндөр насжилттай автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгааг бодлогоор зохицуулах шаардлагатай байгааг энэ үеэр албаныхан онцолж байв.
Харин үүнийг цэгцлэхийн тулд иргэдийг хохироолгүй, баруун талдаа хүрдтэй автомашин эзэмшигчдийн эрх ашгийг хөндөлгүй шийдэх арга замыг олох юм байна. Мөн өндөр насжилттай автомашинуудад техникийн үзлэг, шалгалтыг зохион байгуулж, зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмолжуулах аж.
Учир нь автомашинаас ялгарсан утаа хүйтний улиралд хүний амьсгалах түвшинд тархдаг учир хорт утаа шууд нөлөөлөх эрсдэлтэй талаар албаныхан хэлж байна. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас техникийн хяналт, үзлэгийн арга хэмжээг эрчимжүүлэх бодлого барьж, үүрэг өгч ажиллаж байгаа юм.
Түүнчлэн баруун талдаа хүрдтэй автомашиныг хязгаарлах бус үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих эсвэл тухайн үйлдвэрлэгч оронд нь жолооны хүрдийг шилжүүлэх зэрэг асуудлыг оновчтой хувилбараар шийдэх арга замыг эрэлхийлж байгаа талаараа салбарын сайд онцлов. Тэрээр “Баруун талдаа хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэж байгаа ч эзэмшигчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдэх арга замыг бид олно. Эдгээр машиныг зах зээлээс шахаж, хориглож байгаа зүйл огт биш. Үүнийг төр засаг маш сайн ойлгож байгаа. Тиймээс бодлогоор зохицуулах арга хэмжээг авна” гэлээ.