Хятадад хууль бус олборлолтыг багасгах арга хэмжээтэй холбоотойгоор коксжих нүүрсний үнэ өсчээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт сүүлийн хоёр сар хагасынхаа доод түвшинд хүрээд байсан коксжих нүүрсний фьючерс ханш Далианы таваарын биржид тонн нь 1199 юань буюу 172.91 ам.доллартой тэнцсэн талаар “Reuters” уламжлав. Өмнөх долоо хоногт тонн коксжих нүүрс 1106.5 юаньтай тэнцэж байсан нь аравдугаар сарын 17-ноос хойших бага дүн болж байжээ. Засгийн газраас нь ашиггүй, олон жил олборлолт явуулсан уурхайг хаахыг зорьж буй нь үүнд нөлөөлсөн талаар шинжээчид тодотгов. Урд хөршийн нүүрсний томоохон үйлдвэрлэгч Шанси мужийн олборлолт гэхэд буурч магадгүй аж. Мөн Хятадын төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгч Хэбэй дэх ган, төмрийн үйлдвэрлэл энэ онд 31 сая тонноор багасахаар байгаа гэнэ.
Далианы таваарын бирж дэх төмрийн хүдрийн үнэ 4.5 хувиар нэмэгдэн, тонн нь 571.5 юаньтай тэнцжээ. Харин Австралийн зүгээс уг таваарын ханшийг энэ онд төдийгүй ирэх жил хямдарна хэмээн үзэж буй аж. Хятад улс өнгөрсөн оны эхний 10 сард Монгол Улсаас 17.47 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 75.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэж өмнө нь мэдээлж байв.