Сүүлийн жилүүдэд “Япон сампин заана” гэсэн сургалтын төвүүд нийслэлд хаа сайгүй бий болжээ. Үнэхээр хүүхдийн тархийг хөгжүүлж ой тогтоолт, хурдыг сайжруулж чадвал мөнгө хайрлахгүй сургалтад явуулна гэсэн эцэг эхчүүд цөөнгүй байдаг. Тэгвэл энэхүү эрэлтийг хангадаг мэргэжлийн сургалт явуулдаг газар ч байна.
Бас үүнийг бизнес болгон овжин ашигладаг төвүүд ч цөөнгүй. Үүнийг иргэд ялгаж салгаж ойлгохгүйгээс цаг хугацаа, эд мөнгөө дэмий үрж, ард нь хүүхэд хохирч үлддэг талтай аж. Энэ удаад бид Монголын Соробангийн холбооны дэргэдэх “Монгол соробан” төвийн захирал Д.Баярсайхантай уулзаж ярилцлаа.
-МҮОНТ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээр “Монгол соробан” төвийн хүүхдүүдийн оролцохыг би саяхан үзээд үнэхээр гайхлаа. Олон оронтой тоог маш богино хугацаанд мундаг бодож байна лээ. Тэгэхээр танай сургалтын төвийн онцлог, давуу тал юу вэ?
-“Монгол соробан” бол бусад төвөөс ялгарах онцлогтой сургалтын төв. Нэгдүгээрт, багшаа Японд бэлтгэдэг. Кэнтэйшикэн буюу түвшин тогтоох шалгалт өгч тэнцээд, Японоос багшлах эрх авч, мэргэжлийн багштай болсон тэр цагаас бид албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Соробан өөрөө бол Японы үндсэн соёл, 500 гаруй жилийн түүхтэй зүйл юм. Тэгэхээр соробанг япончуудаас илүү мэддэг, заадаг, тэмцээн уралдаан болдог газар хаа ч байхгүй.
Иймд Японд суралцаад, эндээс ийм өндөр зэрэглэлийн багштай болно гэдэг бол Японд соробанг яаж заадаг, яг л тэр хэм хэмжээ, стандартаар зааж байна гэсэн үг. Ер нь сургалтын төвүүдийг ажиглаад байхад дөнгөж анхан шатны нэмэх, хасахыг сурчихаад л сургалтын төв нээдэг. Үүнийгээ мэргэжлийн багштай сургалтын төв мэт тайлбарладагт маш том ялгаа байдаг. Япон стандартаар соробан заана гэдэг нь зөвхөн нэмж, хасаад зогсохгүй үржих, хуваах, бутархай, сөрөг тоо зэрэг бүх үйлдлийг заах чадвартай багшийг хэлнэ.
Багш өөрөө өндөр хурдтай, чадвартай байж чансаа өндөртэй тамирчин бэлтгэж гаргана. Соробангаар тууштай хичээллэсэн хүүхэд маш олон оронтой тоог богино хугацаанд бичиж байгаа юм шиг боддог болдог. Япон стандарт гэдэг нь нэг сургалтад явж байгаа мэт харагдавч бодуулж байгаа үйлдэл болгон нь өөр, өөр чадварыг хөгжүүлдгээрээ маш их онцлогтой байдаг. Япон стандартын бус газрууд бол Миторизан гэдэг аргачлалыг ямар ч үр дүнгүй, ганцхан цээжээр л бодох нь хүүхдийг хөгжүүлж байгаа мэтээр хандаж байгаа нь анзаарагддаг.
Миторизан гэдэг нь хүүхдийн төвлөрөх чадварыг нэмэгдүүлж байдаг хамгийн төгс аргын нэг юм. Энд япон стандартаар мэргэшсэн, мэргэшээгүй багш нарын хооронд асар том ялгаа харагдана. Япон стандартаар соробан заагдсан тохиолдолд хүүхдийг зөвхөн сэтгүүлж бодуулаад, хурд нэмээд зогсохгүй хүүхдийг хүн болгодог асар том сургалтын арга ард нь явагдаж байдаг. Энэ хамгийн чухал чадвар олгохыг эцэг эхчүүд анзаарахгүй зөвхөн тоог цээжээр бодох гэж ойлгоод байдаг нь харамсалтай.
-Саяхан болсон Япон сампингийн олон улсын тэмцээнд манай хүүхдүүд амжилттай оролцсон гэж дуулдсан. Энэ танай сургалтын төвийн хүүхдүүд үү?
-Хүмүүс олон улсын тэмцээнд “Монгол соробан” сургалтын төвийн хүүхдүүдийг оролцоод ирлээ гэж ойлгоод байдаг. Олон улсын тэмцээн гэсэн үгэнд их том ач холбогдол өгдөг. Ер нь аливаа тэмцээн уралдааныг аль улсын ямар өндөр чадвартай тамирчидтай өрсөлдөж байна вэ гэдгээр нь чансааг нь тодорхойлох ёстой.
-Тэгвэл тэр тэмцээнд нь танайх хүүхдээ оролцуулж болдоггүй юм уу?
-Монгол соробан сургалтын төв нь хамгийн шилдэг тамирчидтай Япон улсын тэмцээнд оролцож хүчээ сорихыг гол болгож ирсэн.
2015 оны Япон улсад зохион байгуулагдсан соробангийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан настай Т.Түвшинбаяр оноогоороо тасархай түрүүлж аварга, 11 настай Б.Баярбаясгалан мөнгөн медаль, 2016 онд Б.Баярбаясгалан мөнгөн медаль, найман настай Ц.Цэцбилгүүн мөнгөн медаль, 16 настай Хатанзаяа хүрэл медалийн эзэн болцгоосон. Японы энэ тэмцээнүүд нь анхан шатны хүүхдүүд оролцох ямар ч боломжгүй. Шилдэг шилээврүүд оролцдог гэдгээрээ маш их онцлогтой, чансаа өндөртэй тэмцээн уралдаан юм.
Үндсэндээ бол тэмцээнд явахаасаа өмнө хэн нь хэн бэ гэдэг нь олонд танигдсан ийм хүүхдүүд Японд очиж өрсөлдөж байна гэсэн үг. 2015 оны аварга болж ирсэн зургаан настай Т.Түвшинбаяр бол нэмж хасахдаа 10,000-тын оронтой тоо, үржихдээ 4 оронтой тоог 5 оронтой тоогоор үржүүлж, хуваахдаа 9 оронтой тоог 5 оронтой тоонд хувааж 40, 40 мөрөөр тус бүрийг нь 6 минутанд бодох чадвартай хүүхэд байсан. Ийм хэмжээний тоог бодох чадвартай хүүхэд л Япон улсын тэмцээнд оролцдог.
Гэтэл тухайн оны шилдэг хүүхдээр оюун ухааны номинацад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Олон улсын тэмцээн гэдэг нэрээр дөнгөж нэг оронтой гурван мөр тоо боддог хүүхэд тодорч байх жишээний. Энэ бол Ерөнхий сайдын дор ажиллаж байгаа байгууллагын баг хамт олны судалгаа муу байгаагийн том жишээ юм. Иймд энэ асуудлыг хариуцдаг байгууллагууд, яам, тамгын газар анхааралдаа авч зөв ялгаж салгах нь хүүхдийн ирээдүйд маш их хэрэгтэй зүйл юм. Энд оюун ухаан, хүч хөдөлмөрөө шавхан хөдөлмөрлөсөн хүүхэд хохирч үлддэг нь харамсалтай.
-Монголд япон маягийн өндөр шалгууртай уралдаан тэмцээн болдог уу?
-Монголын соробангийн холбоо, Япон улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг уламжлал болсон Улсын олимпиад 10-11 сарын хооронд жил болгон явагддаг. Энэ тэмцээнд бүтэн сарын өмнөөс Япон сампингаар хичээллэдэг бүх сургалтын газруудыг хүүхдээ оролцуул гэж радио телевиз, сонин хэвлэлүүдээд зарладаг. Хамгийн гол нь энэ тэмцээн маш шударга, хэн чадаж байгаа нь л шалгарч гарч ирдэг тэмцээн учраас эцэг, эхчүүд хүүхдээ оролцуулах маш их дуртай байдаг.
Энэ олимпиадаас дутахгүй ач холбогдолтой нэг шалгалт бол Кэнтэйшикэн буюу түвшин тогтоох шалгалт юм. Анх удаа 2014 оноос Монгол соробан төв нь соробангийн өндөр зэрэгтэй мэргэжлийн газар гэдгээрээ Кэнтэйшикэнийг Монголд авах эрхтэй цорын ганц сургалтын төв болсон. Кэнтэйшикэн нь хүүхдийг сурч байгаа зүйлдээ зорилго чиглэлтэй, юмны эцсийг үздэг, аливаа юманд тууштай, тэвчээртэй байх хандлагыг төлөвшүүлж өгдгөөрөө их онцлогтой.
-Тэгвэл танайх яг албан ёсны эрхтэй, Монголд үүдээ нээсэн Япон стандартаар заадаг мэргэжлийн сургалтын төв гэсэн үг үү? Танайд явж байгаа хүүхэд Японд очоод үргэлжлүүлээд суралцана гэхэд программ нь яг таарах уу?
-Маш сайхан асуулт байна. Программ бол яг таарна. Манайд суралцаж байгаа олон хүүхэд Японд үргэлжлүүлэн суралцдаг. Тэр битгий хэл япон аав, ээжтэй хүүхдүүд Японд эмээ, өвөө дээрээ очоод түвшингээ тогтоолгож үзсэн байдаг. Хүрч ирээд маш баяртайгаар Японд очоод шалгуулахад “Стандарт программаа яг бүрэн, сайн эзэмшсэн байна” гэж хэллээ гээд талархаж байгаагаа илэрхийлдэг.
-Хүүхдээ хөгжүүлэх гэж явуулж байгаа эцэг эхчүүд хэр анхаарал тавьдаг вэ?
- Хүүхдийнхээ төлөө анхаарал тавьдаг эцэг эхчүүд бий. Юу зааж байна, хүүхдээ хэр хөгжиж байна гээд л ... Энэ бол сайшаалтай хэрэг. Ихэнх эцэг эх багшийнхаа нэрийг байтугай, сургалтынхаа төвийн нэрийг ч тодорхой сайн мэддэггүй. Энэ анзааргагүй байдлаасаа болж өөр газар нэг, хоёр жил явуулсан гэх эцэг эхчүүд хүүхдээ хөтлөн их ирж байна. Манай хүүхэд хөгжөөгүй байна гээд танайхыг юм байх гэж бодоод оруулсан чинь биш байсан байна, ийм олон сургалтын төв байдаг юм уу гэсээр л ирдэг.
Бас сургуулийн багш нар “Соробан сампин хүүхэд хөгжүүлдэггүй, яах гэж хүүхдээ өгсөн юм” гэж эцэг эхчүүдэд буруу мэдээлэл их өгдөг. Энд яг ямар сургалтын төвд, ямар зэрэг дэвтэй багш зааснаас шалтгаалж хүүхдийн хөгжих, хөгжихгүй нь өөр, өөр байгаа. Япон сампин гэхээр л яг нэг арга техникээр, нэг ижил программаар, нэг төвшинд сургадаг гэж бодвол өрөөсгөл болно. Энд мэргэжлийн чиг хандлагын ялгаа гарч ирнэ.
-Магадгүй танай сургалтын төвд хүүхдээ явуулъя гэж сонирхож байгаа эцэг эхчүүд байгаа байх. Салбарууд чинь яг хаана, хаана байрладаг вэ? Цэцэрлэг дээр очиж заадаг уу?
-Баярлалаа. “Монгол соробан” төв нь мэргэжлийн сургалтын төв учраас сургууль, цэцэрлэгүүдээр явуулын байдлаар очиж заах саналыг огт хүлээж авдаггүй. Ийм сургалт бол үр дүн маш муу байдаг. Тийм учраас зөвхөн сургалтын төв дээр ирж суралцвал илүү үр дүнтэй гэдгийг зөвлөдөг. Гадуур манай сургалтын төвийн төлбөрийг үнэтэй гэсэн яриа мэр сэр байдаг.
Яг бодоод үзвэл хамгийн хямд, хамгийн оновчтой, хамгийн богино хугацаанд, хамгийн өндөр түвшний мэдлэг чадварыг олгож байгаагаараа ялгаатай. Үүнийг энд хүүхдээ суралцуулж байгаа эх, эцэг л маш сайн ойлгодог. Хүүхдээ сургая гэсэн эцэг эх тодорхой программыг ямар хугацаанд, хэр зэрэг чадвар эзэмшүүлж байна вэ? гэдгийг төлбөртэйгөө харьцуулж нарийн тооцож бодож үзвэл илүү оновчтой болов уу.
Одоогоор “Монгол соробан” сургалтын төв нь хотод зургаан салбартай, Эрдэнэт хотод нэг салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 95953734 гэсэн дугаараар авч болно.
Хүсэл мөрөөдөлтэй, эрдэм мэдлэгтэй монгол хүүхэд- Монголын ирээдүй