Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар байгаль, цаг агаарын болзошгүй аюулт үзэгдэл, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан боловсрол, соёл, спортын салбарын бэлэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар мэдээл авах, мэдээлэх, мэргэжлийн байгууллага, салбар дундын уялдаа холбоог хангах, шуурхай зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг нь тушаал гарснаас хойш 7 хоног бүрийн даваа гарагийн 11 цагт 5 удаа хуралдахдаа аймаг, орон нутгаас ирсэн цаг үеийн байдлын нэгтгэлийг сонсож, дүн шинжилгээ хийн ажиллаж байна.
Суралцагчдыг дулаан хувцаслах, үдийн цай хөтөлбөрөөр халуун аарц, чацаргана өгөх, улирлын амралтын үеэр техникийн бүрэн бүтэн байдал хангасан тээврийн хэрэгслээр зорчуулах, эцэг эх, асран хамгаалагчид зайлшгүй хүлээлгэж өгөх, салбарын байгууллагуудын халаалт дулааны байдалд онцгой анхаарах зэрэг олон ажлыг тухай бүр чиглэл болгон албан тоотоор хүргүүлэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар 110 сум зудын байдалтай байгаа хэдий ч салбарын хэмжээнд хүндэрсэн тохиолдол гараагүй байна.