СЗХ-ны дарга С.Даваасүрэнтэй уулзаж банкнаас бусад санхүүгийн салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр, 2017 оны эдийн засаг, санхүүгийн төлөв, байдлын талаар ярилцлаа.
-Өнгөрсөн оны сүүлийн хагаст, тодруулбал, таныг СЗХ-ныдаргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш банкнаас бусад санхүүгийн зах зээлд нэлээд хөдөлгөөн орж байна. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2.5 тэрбумаар тогтоолоо. Энэ шийдвэр өнгөрсөн оны хувьд танай Хорооны гол анхаарал татсан асуудал байлаа. Үүнээс яриагаа эхэлье.
-Та нэг зүйлийг анзаарсан бол, бид санхүүгийн зах зээлд бодлогын зохицуулалт хийж, салбаруудаа хөгжүүлэх талаар түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Энэ бол манай Хорооны ойрын болон дунд хугацааны стратеги юм. Өмнөх жилүүдэд бүртгэж, зөвшөөрөл олгоод, араас нь хянан шалгах байдлаар ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл бодлогын зохицуулалт нь орхигдож ирсэн гэж болно. Одоо харин энэ байр сууриа эзэлж, компаниудаа улам чадавхжуулах, эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх, хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлүүдээр бодлогын шийдвэрүүд гарган, зохицуулалтыг уян хатан, урт хугацаанд тогтвортой байлгах зарчмыг баримталж байна. Энэ бодлогынхоо хүрээнд бид эхний шийдвэрээ гаргаж, нийслэлд шинээр байгуулагдах ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгосон.
-Шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрлөө. Хөрөнгийн энэ шаардлагыг хангаж шинээр байгуулагдаж байгаа ББСБ-ууд хэчнээн байна вэ?
-Бид тоон болон чанарын харьцуулсан судалгаа, зээлийн болон төлбөрийн чадварын эрсдэлийн шинжилгээ, санхүүгийн салбарын харьцуулсан индексийн тооцоо, зохистой харьцаа болон санхүүгийн үйл ажиллагааны тайлан мэдээний дүн шинжилгээ, зайны болон газар дээрх хяналт, шалгалтын дүгнэлт гэх мэт олон талын судалгаа, тооцоо хийж байж энэ шийдвэрийг гаргасан. Бидний тооцоогоор жилд 20 ББСБ шинээр нэмэгдэхээр байгаа. Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг бид өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур гаргаад, 12 дугаар сард Хорооны ээлжит хуралдааныг зохион байгуулахад гурван ББСБ шинээр байгуулагдахаар асуудал орж ирснийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хоёр сард гурван ББСБ шинээр байгуулагдсан нь яг бидний урьдчилан тооцсон үр дүнтэй тохирч байна гэсэн үг.Ер нь тооцоо судалгаанд үндэслэж гаргасан шийдвэр зах зээлд удаан насалж, тэр хэрээр зах зээлд оролцогчид, хувийн хэвшлийнхэн, иргэдэд урт хугацаанд стратегиа төлөвлөхөд нь дөхөм байдаг. Нэг үгээр хэлбэл, “долоо хэмжиж, нэг огтолсон” шийдвэр зөв байж, тогтвортой хэрэгжинэ. Ингэж гаргасан шийдвэр дээрээ тууштай байж, бүрнээ хэрэгжүүлж ажиллах нь өөрөө санхүүгийн сахилга бат юм.
-Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгож шийдвэрлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан, одоо ажиллаж байгаа ББСБ-ууд энэ оны нэгдүгээр сарын 05 гэхэд дүрмийн сангаа нэмэгдүүлсэн байх шаардлага тавьсан. Энэ хэр хангагдаж байна вэ?
-СЗХ 2015 оны эцэст ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ тогтоолоор зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 800 сая төгрөг болгож, хоёр дахин өсгөхөөр тогтоосон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 520 ББСБ-ын 490 шахам нь тогтоолын биелэлтийг хангаад байна. Ердөө 7.0 орчим хувь нь хангаагүй. ББСБ-ууд бидний тавьсан хөрөнгийн шаардлагыг хангаж, өөрсдийгөө чадавхижуулахын тулд хувь хөрөнгөө нэмэх, үйл ажиллагааныхаа ашгаар дүрмийн сангаа нэмэгдүүлэх гэх мэтээр маш их хичээл зүтгэл гаргаж ажилласныг онцлохыг хүсэж байна. Тэр бүү хэл зарим ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэхийн тулд өөр хоорондоо нэгдэх зэргээр дэлхийн аль ч улс оронд хэрэглэгддэг сонгодог арга ажиллагааг ч ашиглалаа. Бид одоо үлдэж байгаа цөөн ББСБ-уудад тусгай төлөөлөгч томилон ажиллуулж, тэдний үйл ажиллагаанд ямар саад бэрхшээл байна, түүнийг нь хэрхэн, яаж шийдвэрлэж болохоор байна гэдгийг үзэж нягтлах, зөвлөж ярилцах, шийдвэрлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Зах зээл дээр ажиллаж байгаа ББСБ-уудын үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нь бидний зорилго биш гэдгийг хэлмээр байна. Харин ч эсрэгээр эдийн засгийн өнөөдрийн таагүй мөчлөгийг сөрөн, үйл ажиллагаа, чадавхиа улам өргөжүүлэн ажиллаж байгаа ББСБ-уудаа дэмжих нь чухал юм.
-Өнгөрөгч оны сүүлээр та бүхэн зээлийн хүүг хоёр дахин бууруулахаа зарласан. Үүнийг тодруулахгүй юу? Зарим хүмүүс танай хороог хүү буулгадаг газар биш гэж шүүмжилж байгаа?
-Тийм ээ, биднийг захиргаадалтын аргаар зээлийн хүүг бууруулах гээд байна гэж хардаад байх шиг байгаа юм. Бид бодлогын зохицуулагч байхаа нэгэнт илэрхийлчихсэн. Дахиад хэлье. Санхүүгийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх, төлбөрийн чадварыг сайжруулах шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаагийн маань суурь шалтгаан нь хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн эрх ашиг л юм. Иргэд зохистой бага хүү бүхий зээлээр үйлчлүүлэх эрхтэй. Тийм шаардлага байна. Бидний судалгаагаар хийж үзтэл ББСБ-ын дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгө ахиу, өөрөөр хэлбэл, чадавхи сайтай байх тусам олгож байгаа зээлийнх нь хүү бага байгаа нь тогтоогдсон. Тодруулбал, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 800 сая төгрөгөөс бага ББСБ-уудын зээлийн дундаж хүү 4.5 хувь байгаа бол 2.5 тэрбумаас их хөрөнгөтэй ББСБ-уудынх 3.3 хувьтай байна. 2017-2020 онд бид хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх бодлогоо жижиг дунд үйлдвэрийн, орон сууцны зэрэг хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдтэй хослуулан хэрэгжүүлснээр ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ одоо байгаагаасаа 3.3 дахин нэмэгдэж, зээлийн үйлчилгээний жигнэсэн дундаж хүү 2.1 хувь болж хоёр дахин буурах тооцоо гарсан. Энэ бол зах зээлийн эрэлт, нийлүүлэлт дээр суурилсан судалгаа, тооцоолол гэдгийг хэлмээр байна.
-СЗХ-ны зохицуулалттай зах зээлүүд буюу даатгалын, хөрөнгийн, үнэт цаасны, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны салбарууд нийлээд нийт санхүүгийн салбарт ердөө 4.0 гаруйхан хувь эзэлж байна. Үүнийг 10-15 хувь болгох зорилтыг Хороо дэвшүүлээд байна. Зах зээлийг яаж тэлэх вэ?
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичиг, мөн Засгийн газрын 2016-2020 оныүйл ажиллагааны хөтөлбөр, УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх талаар тодорхой зорилтууд туссан. Эдгээрт нийт санхүүгийн салбарт банкнаас бусад зах зээлийн эзлэх хувийг 10-15 хувьд хүргэхээр заасан. Өөрөөр хэлбэл, энэ бол зөвхөн СЗХ-ныхны яриад яваа амбиц биш, Монгол Улсын төр, засгийн бодлого гэж ойлгох ёстой. Үүний хүрээнд бид маш олон ажлыг шат дараатай авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, эхнээс нь хийж байна. Хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах үйл ажиллагааг хялбаршуулах, өөрийгөө зохицуулах байгууллагуудын чадавхийг сайжруулан, төрийн зарим чи гүүргийг шилжүүлэх, хөрөнгийн зах зээл дэх институцийн төлөвшлийг эрчимжүүлэх, банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, даатгалын болон үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчдын санхүүгийн ба санхүүгийн бус тайлагналын тогтолцоог олон улсын жишигт хүргэх, зардлыг бууруулах, засаглалыг сайжруулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийнэ. Мөн л миний дээр ярьсан бодлогын зохицуулагч байх стратегийн хүрээний ажлууд гэж болно.
-Хөрөнгийн зах зээлийн өгөөж өнөөдөр маш бага байгаа. Хувьцааны ихэнх нь цөөн тооны хүмүүсийн гарт төвлөрсөн байна. Иргэдэд энэ зах зээлд оролцох сонирхол төрөхгүй байна. Үүнийг яаж өөрчлөх вэ?
Үнээн, хөрөнгийн зах зээлийн идэвхжил харьцангуй сул байгаа. Энэ зах зээлийг иргэдэд ээлтэй, нээлттэй, амьд болгох, хөрөнгө оруулагчдад таатай татварын орчин бүрдүүлж, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг олноор нь бий болгох, дэмжих шаардлага байна. Энэ хүрээнд бид Японы JICA байгууллагатай хамтран дунд хугацааны бодлого хэрэгжүүлж, өмнө ярьснаас гадна хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг энэ зах зээлээс хямд зардлаар хөрөнгө босгох боломж бүрдүүлэх, үндэсний томоохон аж ахуйн нэгж, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах гэх мэт олон ажлууд хийгдэнэ.2016 оны хоёрдугаар улирлын байдлаар манай үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 800.0 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжийн үнэт цаасны данс бүртгэлтэй байгаа боловч тэдгээрийн ердөө 10.0 орчим хувь нь идэвхтэй арилжаанд оролцож байна.Тэгэхээр манай орны хувьд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурьт огтолцоо бүрэлдэн бий болоогүй, жижиг хөрөнгө оруулагчдын арилжаанд оролцох оролцоо сул байна гэсэн үг. Бид хөндлөнгийн судалгааны байгууллагаар иргэдийн санхүүгийн зах зээлд оролцох оролцооны талаарх судалгааг хийлгэсэн. Түүнээс үзэхэд, манай улсын иргэдийн 90 гаруй хувь нь МХБ-ийн арилжаанд нэг ч удаа оролцож байгаагүй гэсэн хариулт өгсөн байна. Гол шалтгаан нь мэдэхгүй, мэдээлэлгүйд байна. Мөн иргэдийн боловсролын түвшин, нас, хот, хөдөөд амьдарч байгаа байршил суурьшлын ялгаа ч энэ оролцооны асуудалд ихээхэн нөлөөлж байна. Тэгэхээр санхүүгийн зах зээлд оролцогчдыг нэмэгдүүлэх нэг том хүчин зүйл нь иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх явдал болох нь судалгаанаас харагдсан.
-Өнгөрсөн онд манай улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал хүндхэн байлаа. Саяхнаас дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ ханш өсөж байна. Энэ оны эдийн засгийн төлөв, байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Энэ оны эдийн засгийн төлөв байдлыг өнгөрсөн онтой харьцуулахад харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Монголбанкнаас гадаад валютын нөөц нэмэгдэж, цааш цаашдаа сэргэх боломжтой болохыг мэдэгдсэн.Тийм ч учраас мөнгөний бодлогоо зөөллөж, бодлогын хүүг 1.0 хувиар бууруулсан болов уу. Гэхдээ энэ оны хувьд төсвийн болон өрийн асуудал манай улсын гол сорилтууд хэвээр байна. Дээр нь хөдөлмөрйн зах зээлийн байдал сайнгүй байна. Энэ нөхцөлд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн зах зээлийн зүй зохистой оролцоог хангах явдал бидний чухал үүрэг юм. Санхүүгийн хүртээмжтэй, зохистой үйлчилгээ гэж чухам юуг хэлэх вэ гэхээр иргэдийн хэрэгцээнд нийцсэн, хямд эх үүсвэр бүхий, түргэн шуурхай үйлчилгээ юм. Ийм үйлчилгээг иргэдэд үзүүлэхийнтулд санхүүгийн салбар тогтвортой, бас чадавхитай байх ёстой. Энэ талаар 2017 он тодорхой үр дүн гарсан жил байх болно.