Хоёрдогч хорт хавдар гэх нэршил нь анхдагч хавдрын байршил тодорхойгүй боловч бусад эрхтэнд үсэрхийлсэн (хавдар биеэр тархсан) гэсэн утгатай.
Хоёрдогч хорт хавдар нь эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын арван хоёрт, эмэгтэйчүүдэд аравдугаарт бичигдэж байна.
Хоёрдогч хорт хавдар нь ихэвчлэн анхдагч хавдрын эстэй төстэй харагддаг. Жишээ нь хөхний хорт хавдар уушгинд үсэрхийлбэл уушгинд үүссэн хавдрын эсүүд нь хөхний хавдрын эс шиг (уушгины эсээс өөр) харагддаг тул хөхний хавдрын үсэрхийлэл (уушгины хавдар гэж үзэхгүй) гэж үзнэ.
Хэрэв хавдрын эсийн хэлбэрийг тодорхойлох боломжгүй бол хоёрдогч хавдар гэж үзнэ.
Хоёрдогч хорт хавдрын тухай гарын авлагыг харна уу.
Эрт илрүүлэлт
Одоогоор хорт хавдрын үсэрхийллийг эрт илрүүлэх (скрининг) шинжилгээ байхгүй байна.
Илрэх шинж тэмдэг ба оношлогоо
Зарим хүнд хорт хавдар үсэрхийлсэн үед шинж тэмдэг илэрдэггүй, зарим хүнд илэрч болно. Илэрч болох шинжүүдэд :
Амьсгаадах эсвэл цээжээр эвгүй оргих
Ясаар, нуруугаар өвдөх
Гэдэс дүүрэх, хэвлийгээр эвгүй оргих, хэвлийд шингэн хуралдах, арьс, нүд шарлах
Хүзүү, суга, цээж, цавины тунгалгийн булчирхайнууд томрох
Турах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, маш их ядрах шинжүүд хамаарна.
Шинжилгээнүүд хорт хавдар үсэрхийлсэн эсвэл үсэрхийлээгүй байсан ч эмчлэгдэх буюу илаарших боломжтой эсэх баталгааг гаргаж өгдөг. Эмнэлзүйн үзлэг, эдийн шинжилгээ, рентген шинжилгээ, цусны шинжилгээнүүд хийнэ. Үүний дараа хоёрдогч хавдрын байрлалыг гол түлхүүр болгон хавдрын эх үүсвэрийг тогтоох шинжилгээнүүдийг хийнэ.
Онош тодруулахын тулд цус, биохими, шээсний шинжилгээ, авсан эдэд гистопатологийн шинжилгээг хийх, иммуногистохимийн шинжилгээ, хэвлий болон аарцгийн хөндийн компьютер томограф, хөхний рентген зураг авах, позитрон ялгаруулах цацраг туяаны шинжилгээ хийнэ.
Үе шатыг тодорхойлох
Хавдрын хэлбэрүүдээс шалтгаалаад үе шатыг тодорхойлох арга нь өөр өөр байдаг. Ихэнх хавдрыг дөрвөн үе шат болгон ангилдаг бөгөөд 1р үе нь хавдрын эхэн үе байдаг бол 4р үед хавдар нь сүүлийн шатандаа орсон байдаг. Хоёрдогч хавдар гэдэг нь хорт хавдар аль хэдийн бусад эрхтэнд үсэрхийлсэн байдаг тул хоёр эсвэл түүнээс дээших үе шатанд хамаарна. Хэрэв өөр эрхтэнд үсэрхийлсэн бол хавдрын 4-р үе гэж үзнэ.
Шалтгаан
Хорт хавдар үсэрхийлсэн буюу хоёрдогч хавдар оношлогдсон эмчлүүлэгчдэд анхдагч хавдар тодорхойгүй байдаг учраас эрсдэлт хүчин зүйлсийг тогтооход хэцүү байдаг. Хоёрдогч хавдар илэрсэн эмчлүүлэгчдийн хагасаас илүү нь тамхи татдаг байна. Иймээс хамгийн эрсдэл ихтэй хүчин зүйлийн тоонд тамхидалт хамаарна. Өндөр нас, хооллолт, согтууруулах ундааны хэрэглээ, таргалалт зэрэг нь ихэнх хавдрын хувьд эрсдэлт хүчин зүйлс болдог.
Урьдчилан сэргийлэлт
Хоёрдогч хавдар буюу хорт хавдрын үсэрхийллийн шалтгаан тодорхойгүй учраас энэ өвчнөөс сэргийлэх өвөрмөц урьдчилан сэргийлэлт байхгүй. тамхи татахгүй, харьцангуй эрүүл хүнс хэрэглэх, жин барих, согтууруулах ундааг зохистой хэрэглэх зэрэг эрүүл байх амьдралын хэв маягийг баримталбал өвчлөхөөс хамгаалах нөхцөл бүрдэнэ.
Эмчилгээ
Ихэнх хавдруудын эмчилгээ нь хавдрын хэлбэрийг тодорхойлон, онош болон үе шатыг зөв тогтоосноос хамаарна. Учир нь анхдагч хавдрын байршил тогтоогдоогүй учраас хоёрдогч хавдарт зориулсан стандарт эмчилгээ гэж байдаггүй.
Хоёрдогч хавдар буюу хорт хавдрын үсэрхийллийн үед анхдагч хавдрын байршил тодорхойгүй хэдий ч өргөн хүрээний үйлдэлтэй хими эмчилгээг хийдэг. Жишээ нь хүзүүний тунгалгийн булчирхайг толгой, хүзүүний хорт хавдрыг эмчлэхтэй адил байдлаар, суганы булчирхайг хөхний хорт хавдрыг эмчлэхтэй адил, хэвлийд байгаа хавдрыг өндгөвчийн хорт хавдрыг эмчлэхтэй адил байдлаар эмчилнэ.
Тавилан
Ихэнх хавдрын тавилан хавдрын хэлбэр, үе шат, нас, оношлогдох үеийн биеийн ерөнхий байдал зэргээс хамаардаг. Анхдагч хавдрын хэлбэр тодорхойгүй учраас хоёрдогч хавдар буюу хорт хавдрын үсэрхийллийн эмчилгээ төвөгтэй бөгөөд эмчлүүлэгчид хорт хавдрын үсэрхийлэл илэртэл оношлогддоггүй талтай. Австрали улсад хорт хавдрын үсэрхийлэл буюу хоёрдогч хавдар оношлогдсон хүмүүсийн 16% нь таваас дээш жил амьдардаг байна.
Мэдээлэл боловсруулсан: С.Сарнай, И.Болормаа