Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш түүхэн дээд түвшнээ шинэчлэн, өчигдөр 2493 төгрөгт хүрлээ. Энэ нь нэг сарын өмнөхөөс нэг орчим хувиар өссөн дүн юм. Үүнээс гадна “Найман шарга” захад ам.долларын ханш чангарсаар буй. Тэнд өчигдөр 14.30 цагт ченжүүд ам.долларыг 2496 төгрөгөөр худалдан авч, 2499 төгрөгөөр зарж байв.
Тус захын нэгэн ченжийн хэлснээр ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд чангарч байгаа гэнэ. “Найман шарга”-д ченжүүд 14 хоногийн өмнө гэхэд “ногоон”-ыг 2489 төгрөгөөр аваад, 2492-оор борлуулж байсантай харьцуулахад ийнхүү 0.3 хувиар өсчээ. Хамгийн сүүлд буюу уржигдрын валютын дуудлага худалдаагаар банкууд 2491.45 төгрөгийн ханшаар 39 сая ам.доллар, 354.81 төгрөгийн ханшаар 82.2 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Төвбанк 2492.5 төгрөгийн ханшаар 19 сая ам.доллар, 357.5 төгрөгийн ханшаар есөн сая юань нийлүүлсэн аж.