Хятадын эдийн засгийг энэ онд 6-7 хувьд хүргэж өсгөнө гэж Төвбанкны зөвлөх нь мэдэгдсэн тухай “Bloomberg” мэдээлэв. Эдийн засагчдын үзэж буйгаар тус улсын ДНБ дунджаар 6.5 хувиар тэлэхээр байгаа гэнэ. Тэгвэл Хятадын Ерөнхийлөгч Си Зиньпин 2020 он хүртэлх хугацаанд эдийн засгаа хамгийн багадаа 6.5 хувиар өсгөхийг зорьж буйгаа өмнө нь мэдэгдэж байсан юм.
Гэхдээ 2016 оны өсөлт нь дээрх хувиас буурахад Си Зиньпин тэгтлээ эмзэглэхгүй гэдгээ өнгөрсөн сард мэдэгджээ. Өрийн хэмжээ нь нэмэгдэж, АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноор дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүссэн зэрэгтэй энэ нь холбоотой гэнэ. Хятадын бодлого боловсруулагчид санхүүгийн системээ хамгаалахад анхаарч буй аж.
Урд хөршийн үйлдвэр, үйлчилгээний салбар өнгөрсөн арванхоёрдугаар сард буурсан үзүүлэлт гарсныг “Reuters” дамжууллаа. Уг нь үйлдвэрлэлийн салбар нь тав дахь сардаа өссөн юм байна. Өнгөрсөн сард тус улсын худалдан авагч менежерийн индекс 51.4-т хүрсэн нь арваннэгдүгээр сард 51.7 байснаас буурсан дүн болов. Дашрамд дурдахад, АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 2015 оныхоос гурав дахин өсөж, 45.6 тэрбум ам.долларт хүрчээ.
Газрын тосны ханш 53 хувиар нэмэгджээ
Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК)-ын гишүүн болон гишүүн бус 11 улс энэ сараас эхлэн бүтээгдэхүүний гарцаа бууруулна. Үүнтэй холбоотойгоор газрын тосны ханшийн жилийн өсөлт 2009 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хүрсэн талаар “Bloomberg” онцоллоо. Лондоны металлын биржид өнгөрсөн онд уг таваарын ханш 53 хувиар өссөн байна. Мөн “Brent” маркийн нефтийн үнэ сүүлийн дөрвөн жилд анх удаа дээшилсэн он болов.
Гэхдээ АНУ-ын түүхий газрын тосны нөөц 2016 оны сүүлийн долоо хоногт гэхэд 614.000 баррелиар нэмэгдсэн учраас үнэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлөхийг үгүйсгэхгүй аж. Тус улсын газрын тосны нөөцийн үзүүлэлт (улирлын) сүүлийн 30 жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшиндээ хэвээр байгаа юм. “Price futures” группийн ахлах шинжээч Фил Флинн “Их өөрчлөлт авчирсан жил улирлаа. Өөдрөг төлөвтэй жилүүд хүлээж байгаа гэж бид найдаж байна” хэмээн ярьжээ.
ОХУ-ын инфляц түүхэн доод түвшиндээ хүрэв
Хойд хөршийн инфляц өнгөрсөн оны эцэст 5.4 хувьд хүрчээ. Энэ нь Зөвлөлт холбоот улс задарснаас хойших хамгийн бага түвшин болохыг “Associated press” мэдээлэв. Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын индекс өмнөх сараасаа 0.4 хувиар нэмэгдсэн юм. Энэ нь өмнөх хоёр сарынхтайгаа адил үзүүлэлт аж.
Харин өнгөрсөн онд тус улсын инфляц 12.9 хувиар өсөж байв. Үүнд хүнс болон бусад бүтээгдэхүүний үнэ дээшилсэн нь голлон нөлөөлсөн гэнэ. Тэгвэл 2011 онд ОХУ-ын жилийн инфляц 6.1 хувьд хүрч байсан нь өмнө нь хамгийн бага дүнд тооцогдож байжээ.
Итали Евро бүсээс гарах уу
ХБНГУ-ын эдийн засгийн судалгааны Ifo институтийн гүйцэтгэх захирлын хэлж буйгаар Итали улс Евро бүсээс гарч магадгүй гэнэ. Хэрэв италичуудын амьжиргааны түвшин дээшлэхгүй бол Евро бүсээс гарна гэдэгт тус институтийнхэн итгэлтэй байгаа аж. Ifo-гийн гүйцэтгэх захирал Клеменс Фюст “Италичуудын амьжиргааны түвшин 2000 оныхтой адил түвшинд байгаа.
Хэрэв энэ байдал өөрчлөгдөхгүй бол италичууд “Бид Евро бүсэд дахин харьяалагдаж чадахгүй” гэж хэлэх болно” хэмээн өгүүлжээ. Тус бүсийн томоохон эдийн засагтай бусад улсын зүгээс Италид тусламж үзүүлэх магадлал бага юм байна. Итали улсын Засгийн газар санхүүгийн салбараа тогтвортой байлгахад түлхүү анхаарч буй аж.
“FTSE 100” индекс 7142 нэгж боллоо
Их Британийн “FTSE 100” индекс өнгөрсөн сарын арилжааны сүүлийн өдөр 7142.83 нэгж болсноор 2016 оны хамгийн дээд түвшиндээ хүрсэн тухай BBC уламжиллаа. Уг нь тухайн өдөр дээрх индекст багтдаг 100 компанийн хувьцааны ханш төдийлөн өөрчлөгдөөгүй аж. “Rolls-Royce” компанийн хувьцааны ханш хамгийн их буюу 1.47 хувиар доошилсон гэнэ.
Тус өдөр Лондонд “Brent” маркийн баррель нефтийн ханш 56.67 ам.доллартой тэнцсэн байна. Энэ нь 2016 онд уг таваарын ханш хамгийн доод талдаа 30 “ногоон”-д хүрсэнтэй харьцуулахад бараг хоёр дахин дээшилсэн гэсэн үг. Их Британи Евро бүсээс гарах санал асуулга явуулснаас хойш фунт стерлингийн ханш суларсан нь “FTSE 100” индекст эергээр нөлөөлсөн байна. Ер нь Их Британид хувьцаа нь арилжигддаг олон улсын компаниуд өнгөрсөн онд ашиг хүртсэн аж.
“Hyundai” 8.25 сая ширхэг автомашин борлуулна
Өрсөлдөөн нэмэгдэж байгаа хэдий ч Өмнөд Солонгосын “Hyundai” болон охин компани “Kia motors” нь энэ онд дэлхий даяар 8.25 сая автомашин борлуулахыг зорьж буйгаа өчигдөр мэдээлэв. Энэ нь тус компани өнгөрсөн онд 8.13 сая автомашин борлуулна хэмээн зорьсноос илүү гэсэн үг. “Hyundai” 2016 онд хэдэн автомашин худалдсан нь удахгүй тодорхой болох бөгөөд 8.13 саяас бага байх магадлалтай юм байна.
“Hi investment & securities”-ийн шинжээч Ко Тае-бонг “Hyundai”-гийн 2017 оны зорилт миний таамагласнаас илүү байна. Сүүлийн жилүүдэд энэ салбарын борлуулалт буурч байгаа ч шинэ загвартаа найдаж буй болов уу” хэмээн тэмдэглэжээ. “Hyundai”, “Kia motors” нь улс орнууд дахь борлуулалтаараа тавдугаарт эрэмбэлэгдэж буй бөгөөд энэ онд Хятад, Мексикийн зах зээл дэх худалдаагаа нэмэгдүүлэх гэнэ.
“Hyundai motor group”-ийн захирал шинэ жилийн үеэр ажилчдадаа хандан үг хэ-лэхдээ “Дэлхийн эдийн засаг үргэлжлэн суларч байна. Энэ салбарт өрсөлдөөн ширүүсэж, зах зээлээ гаалийн татвараар хамгаалах нь нэмэгдэж буй тул хэзээ хэзээнийхээс илүү тодорхойгүй байдал үүсээд байна” гэжээ.