Монгол Улс, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын 20 дугаар хурлаар талууд “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хамтарсан хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн төв үйлдвэрээс нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаар болж, 5 сая тун вакциныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд авч, эрсдэл бүхий голомтот газруудад хийж эхэллээ. Тодруулбал, 2.5 сая тун вакциныг Архангай, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан зэрэг 7 аймгийн 22 суманд 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Нэн хөнгөлөлттэй үнээр авч байгаа вакцины үлдэгдэл 15 сая тун вакциныг энэ сарын 15-нд авах юм.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хүйтний улиралд вакцин хийхэд хүндрэлтэй байгаа тул зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байна. Мөн гуравдугаар сарын 1-ээс орон даяар вакцинжуулалтыг хийж эхлэхээр болсон гэж ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллээ.