2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 01-ний өдрүүдэд бүх нийтийн амралтын болон баярын өдрүүд үргэлжлэн тохиож байгаа тул Замын цагдаагийн алба хаагчид иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн бүрэлдэхүүнээрээ хамгаалалт, зохицуулалт хийж ажиллана.
“УЛААНБААТАРЫН МӨНГӨН ШӨНӨ” БАЯРЫН ЦЭНГҮҮНИЙ ҮЕЭР СҮХБААТАРЫН ТАЛБАЙН БАРУУН, ЗҮҮН ТАЛЫН ЗАМЫГ БҮРЭН ХААЖ, ЗОГСООЛУУД ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛНЭ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын цэнгүүн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 18:00-01:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион явагдаж, иргэд улиран одох 2016 оноо үдэж, айлчлан ирж буй 2017 оноо угтан авна.
Цэнгүүний үеэр иргэдийн тав тухтай, аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун, зүүн хоёр талыг бүрэн хааж, ойр орчим байрлах зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх тул иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарьд ордон, Тусгаар тогтнолын ордон, Соёлын төв өргөө, Улаанбаатар зочид буудал, Дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад зөв байршуулж баярын арга хэмжээнд оролцохыг зөвлөж байна.
"ШИНЭ ОНЫ АНХНЫ НАРЫГ ХАРАХ" ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ ИРГЭДЭД ЗӨВЛӨЖ БАЙНА.
Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн Монголчууд бэлгэшээдэг. Тиймээс шинэ оны өглөө нар харахаар иргэд Хийморийн овоо, Сонгинохайрхан овоо, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхан болон Багахангай дүүргийн нутгийг зорьдог.
Энэ үед замын цагдаагийн алба хаагчид батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийж иргэдийг түргэн шуурай, аюулгүй зорчуулахаар ажиллах болно.
Иймд иргэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, мөн зам, уул даваа хальтиргаа гулгаатай байгаа тул тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
БАЯР, АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМУУДАД ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ, ПОСТ АЖИЛЛАНА.
2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 1 дүгээр сарын 2-ны өдрүүдэд бүх нийтийн амралтын болон баярын өдрүүд үргэлжлэн тохиож байна. Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотоос гадагш болон орон нутаг руу зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэгтэй холбоотойгоор гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Замын цагдаагийн алба, Автотээврийн үндэсний төв хамтран Орон нутгийн Замын цагдаагийн тасгуудад онлайнаар үүрэг чиглэл өглөө.
Олон улсын болон Улсын чанартай хатуу хучилттай авто замуудад хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулж хурд хэмжих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдлыг таслан зогсоох, хамгаалах бүсний хэрэглээн дээр тавих хяналтыг сайжруулах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн ихтэй авто вокзал, томоохон худалдааны төвүүд зэрэг газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан томилуулж ажиллуулах зэрэг үүргүүд өгч урьдчилан сэргийлж ажиллаж байна.
Баялаг-Өлзий ХХК-аас 540 ширхэг оймсийг алба хаагчдад бэлэглэлээ.
Баялаг-Өлзий ХХК-аас хүнд нөхцөлд ажиллаж буй замын цагдаагийн алба хаагчдын эрүүл мэнд, ажиллах нөхцлийг сайжруулах, дэмжих зорилгоор “BODIО’S OF MONGOLIA” брэндийн 100% сарлагийн хөөврөн 540 ширхэг оймсийг алба хаагчдад бэлэглэлээ.