Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 6/21 тоот тогтоолоор батлагдсан “Их, Дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн “Цахим төлбөрийн карт” олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам”-ын дагуу оюутнуудад нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих карт олгогдож ашиглагддаг билээ.
Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэхдээ зөвхөн хичээл сургуульдаа явахдаа хөнгөлөлтөө эдлэх эрхтэй байдаг билээ.
Энэ нь хагас, бүтэн сайн болон бүх нийтийн амралтын өдрүүд, оюутны өвлийн амралтын хугацаанд хөнгөлөлттэй зорчих эрхээ ашиглах боломжгүй байдаг.
Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сурагч, оюутнуудын өвлийн амралтын хугацаа харилцан адилгүй ч ихэвчлэн 1-р сарын 1-нээс 31-ны хүртэлх хугацаанд таарч байгаа учир оюутны “Цахим төлбөрийн карт”-ын хөнгөлөлттэй зорчих эрх 2017 оны 1-р сарын 1-нээс 1-р сарын 31-ныг хүртэлх хугацаанд орохгүй бөгөөд 2017 оны 02-р сарын 1-нээс хөнгөлөлттэй зорчих эрх нь идэвхжиж нийтийн тээврээр зорчих юм байна.