"Хар бараан зүйлээс илүү сайн сайхан, амжилт бүтээлээр дүүрэн байна” гэж энгэр дүүрэн медальтай, амжилт, бүтээлийн эзэд болсон хүүхдүүдтэй уулзахдаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх онцолсон. 20 аймаг, есөн дүүргийн 115 хүүхдээс авьяас билэг, эрдэм мэдлэг, хийж бүтээснээрээ онцгойрсон 20 хүүхдийг өчигдөр тус газраас “Онцлох хүүхэд”-ээр нэрлэн, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан юм. Шинэ оны босгон дээр амжилт, бүтээлээ үнэлүүлж буй тэднээр бахархахгүй байхын аргагүй.
Тэдний дунд хүүхдүүдийн эчнээ танил болсон “Найз аа, намайг хараарай”, “Дуугаар мэндчилье” зэрэг дөрвөн цомог гаргаж, уран бүтээлийн бие даасан тоглолтоо хоёр удаа хийсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Өнөржаргал, 2016 онд Сингапурт болсон оюуны спортын ДАШТ-ээс гурван төрлөөр алтан медаль авч, нэг төрлөөр дээд амжилт тогтоосон I сургуулийн 12е ангийн сурагч Э.Пүрэвжав, “Өнөр бүл” төвийн дэргэдэх “Контаанс”, “Манан” хамтлагийн гишүүн, “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32-т үлдсэн “Шинэ Монгол” ахлах сургуулийн XII ангийн сурагч Э.Төгөлдөр, “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг зохион байгуулсан Ховд аймгийн Манхан сумын ахлах сургуулийн 11б ангийн сурагч Б.Батлхагва зэрэг мундгууд цугларсан байв.
Онцлох хүүхдүүдээс хамгийн бага нь долоон настай Н.Түвшинбаяр. Гэвч түүний амжилт том. Азийн аваргын хос алтан медаль, Дэлхийн даамын холбооны дэд мастер энэ хүү Увс аймгийн Тариалан сумын ахлах сургуулийн 2б ангид сурдаг аж. Гал түймрийн аюулаас эрдэнэт хүний амь аварсан хүүхдүүдийг ч онцолсон юм. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч С.Амарзаяа иргэн Т.Алтангэрэлийн хувийн орон сууцанд гал гарч байсныг анх харж, тусламж дуудсаны ачаар дөрвөн хүний амь аварсан бол Хөвсгөл аймгийн “Гурван эрдэнэ” сургуулийн 7в ангийн сурагч Д.Бямбадорж шатаж байсан гэрт орж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аварчээ.
Сурлага, урлаг, уран бүтээл, биеийн тамир, спорт, байгаль хамгаалал, техник сэтгэлгээ зэрэг есөн номинацаар тодорсон тэдний дунд улсын олимпиадын алт, мөнгөн медалийг хэдэн арваар нь “бөөндчихсөн” Б.Хулан, Б.Төрхүү, шатар, даамыг “хашраасан” 100 буудалт даамын Өсвөрийн дэлхийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний турк даамын төрлийн алтан медальт Э.Хүслэн, ОХУ-ын Улаан-Үд хотод болсон “Белый месяц” насанд хүрэгчдийн шатрын тэм цээний III байр, Иран улсын Тегеран хотод болсон сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн тоглолтын төрлийн хүрэл медалийн эзэн Т.Номиндалай нарыг онцлох хэрэгтэй.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын I сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Бүрэнчөдөр, Хэнтий аймгийн Хэрлэн сумын I сургуулийн 12в ангийн сурагч Б.Ундармаа нар томчуудын оролцоогүйгээр хүүхдүүд юу хийж чаддагийг харуулсан юм. Тэд сайн үйлсийн аян өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад тусалжээ. Мөн техник сэтгэлгээний хөгжлийг энд орхиж болохгүй. Нисэх загварын спортын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүүхдийн ангилалд алт, 2016 оны Дэлхийн цомын V байрын шагналт З.Чингис, “Хөгжилтэй номын сан”-д хүүхдүүдэд зориулсан англи хэлний ярианы клуб хичээллүүлж буй М.Мичидмаа, эх орныхоо түүх, дурсгалыг сурталчилсан Мөрөн сумын “Ирээдүй XXI зуун” цогцолбор сургуулийн 12в ангийн М.Цэрэндэжид, Булган аймгийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Б.Оюундарь нарыг ч онцолжээ. Үеийнхэндээ үлгэр дуурайл болсон тэдний дараагийн хөтөлбөр нь Төрийн ордонтой танилцах байв.