Шинэ жилийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй болон бэлэн байдлыг хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг бүх аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвийн дарга, захирал нарт үүрэг болгож, дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд:
Нэг: Зохион байгуулалтын талаар:
Шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны анхаарал сулрах, хариуцлага алдах, ажлын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчлийг гаргахгүй байх, байнгын хяналт тавьж ажиллах;
Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд амралт, баяр, ёслолын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгах;
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдэл, шатлал болон эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх асуудлыг шуурхай зохион байгуулах;
Амралт, баяр, ёслолын өдрүүдэд туршлагатай эмч нарыг жижүүрт гаргах,
Хариуцлагатай жижүүр хийх, алсын дуудлаганд явах эмч, сувилагч, бусад мэргэжилтэн, туслах ажилтнуудын хуваарийг батлан, хуваарийн дагуу бэлэн байлгах;
Болзошгүй гамшиг, осол, хордлого, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө, ор дэлгэх тооцоо, судалгаа гаргаж, төлөвлөгөөг тодотгох, эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг нэгжийн ор, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах.
Хоёр: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний найдвартай тасралтгүй байдлыг хангах талаар:
Баярын өдрүүдэд хүндэрсэн өвчтөн, эх, хүүхдэд тусламжийг шуурхай үзүүлэх, дуудлагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлэн байлгах,
Эмч нарын хамтарсан үзлэг, зөвлөгөөнийг хугацаа алдалгүй хийж, шаардлагатай тохиолдолд өвчтөнийг шилжүүлэх ажлыг чирэгдэлгүй, аюулгүй, шуурхай зохион байгуулах;
Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд эмнэлзүйн чиглэлээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг лавлагаат тусламж, үйлчилгээ, мэргэжлийн аргазүйгээр ханган ажиллах;
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн заавар, стандартыг чанд мөрдөх, аюулгүй ажиллагааг хангах;
Зайлшгүй шаардлагатай, яаралтай тусламжийн эм, тариа, ороох боох материал, цус, цусан бүтээгдхүүний бэлэн байдлыг тогтвортой хангах;
Үйлчлүүлэгч, ялангуяа жирэмсэн эмэгтэй аливаа эмнэлэгт хандсан тохиолдолд тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй, шуурхай үзүүлэх, эмнэлэг хооронд явуулж чирэгдүүлэхгүй байх;
Алсын болон ойрын түргэн тусламжийн дуудлаганд явах унааг бэлэн байлгах, шатахууныг хангалттай хэмжээгээр нөөцлөх;
Жирэмслэлт, төрөлттэй холбоотой дуудлаганд тусламжийг шуурхай үзүүлэх, шалтгаан тодорхойгүй хэвлийн өвдөлттэй, хордлоготой, дайрлагын байдалтай нөхөн үржихүйн насны эмэгтэйд “Жирэмсний сорил”-ыг заавал тавьж, жирэмсэн эсэхийг тогтоож, шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;
Хяналтын хугацаандаа ирж үзүүлээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийг баярын өмнө заавал дуудаж үзэх;
Төрөх дөхсөн эмэгтэйчүүдийг эхийн амрах байранд урьдчилан авчирч, гарч болох эрсдлээс сэргийлэх;
Отор нүүдэл хийж яваа малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх, ялангуяа жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, хүүхдийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж тэдэнд учирч болох эрсдлээс сэргийлэх, хяналтыг тогтмолжуулах;
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн хүн амд зориулж хувийн бэлтгэлийг хангах, жирэмсэн эх, бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүйгээр гэртээ орхихгүй байх, хөлдөлт осголтоос сэргийлэх, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгааг зохион байгуулах;
Хоолны хордлого, осол гэмтлээс сэргийлсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг орон нутгийн хэвлэл мэдээллийг хэрэгслээр тогтмол түгээж, албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд өөрсдийн ажилтнуудаа эрсдлээс сэргийлсэн сэрэмжлүүлэг, зөвлөмжийг өгөхийг анхааруулах;
Нийтийг хамарсан хордлого, осол гэмтэл, халдварт өвчний дэгдэлт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний ноцтой алдаа, зөрчил гарсан үед Эрүүл мэндийн яамны хариуцлагатай жижүүрт шууд мэдээлнэ. Утас 323002
Дээрх зөвлөмжийн хэрэгжилтийн талаар болон баяр наадмын амралттай холбогдуулан гаргасан дарга, захирлын тушаал, шийдвэрийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны дотор Эмнэлгийн тусламжийн газарт ирүүлэхийг мэдэгдье.
Манай улсын ард иргэд бид шинэ жилийн баяраа тэмдэглэж, 2016 оны 12 дугаар сарын 29-өөс 2017 оны 01 дүгээр сарын 02–ныг хүртэл бүх нийтээр амрах гэж байна. Энэ үед ард иргэд эрүүл мэнддээ анхаарахаас илүүтэй шинэ ондоо бэлтгэж, нөгөө талаас баяр ёслолын үеэр өвчин хэлэхгүй хэмээн явсаар өвчин хэт хүндэрсэн үед эмнэлэгт ханддагаас баяр, ёслолын үеэр хүндрэл, нас баралт ялангуяа эх, нярайн эндэгдэл гарах тохиолдол багагүй байдаг.
Өнгөрсөн жилүүдэд оны зааг дээр эх эндсэн, нярайг түлсэн, нярайг ширээнээс унагаасан, амаржсан эх нярайг хөхөөр дарж бүтээсэн, бага насны хүүхдийг асран хамгаалах хүнгүйгээр гэртээ орхиж явснаас түлэгдсэн, гэмтсэн зэрэг гашуун сургамжууд тохиолдож байсан.