Хадгаламжийн төвлөрөл
Гурван уутны дүрэм гэж бий. Хятад хүн мөнгөтэй харьцахдаа ийм дүрэм баримталдаг гэдэг. Өөрөөр хэлбэл, орлогоо гурав хуваан, нэг хэсгийг нь хугацаатай, нөгөөг нь хугацаагүй хадгаламжийн дансандаа хийнэ. Харин үлдсэнийг нь харилцах дансандаа байршуулна. Нэг ёсондоо орлогынхоо 30 хувийг хүүхдийн сургалтын төлбөр, орон сууц худалдан авах, хурим, тэтгэвэрт гарахдаа хэрэглэх гэх мэт зорилгоор далд хийнэ гэсэн үг.
Мөн 30 хувийг нь баяр ёслол тэмдэглэх, гэрийн тавилгаа шинэчлэхэд зориулан хадгалах аж. Ингээд үлдсэн мөнгөө хэрэглэнэ. Ийнхүү хятад хүмүүс ДНБ-ийхээ хагастай тэнцэх хуримтлал үүсгэжээ. Дэлхийн банкнаас тооцдог хуримтлалын индексээр манай өмнөд хөршийнхөн 51 оноо авсан байна. Тус улсын ДНБ өнгөрсөн онд 10.8 их наяд ам.долларт хүрсэн бол хятад хүмүүс 5.4 их наяд ам.доллар хуримтлуулжээ. Харин манай улсын хуримтлалын индекс 28 хувьтай байна. Үндэсний нийт хадгаламжийг ДНБ-д нь харьцуулан уг үзүүлэлтийг тооцдог аж. Бид ДНБ-ийхээ 30 орчим хувь буюу долоон их наяд төгрөг хуримтлуулсан нь боломжийн дүн. Гэхдээ энэ мөнгөний 80-90 хувь нь хэдхэн баян хүний хэтэвчинд төвлөрсөн аж.
Тухайлбал, нийт хадгаламжийн талаас илүүг хадгаламжийн данстай иргэдийн ганцхан хувь нь эзэмшиж байна. Мөн данстай иргэдийн 83 хувьд хадгаламжийн наймхан хувь нь ногдож байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд 10 хадгаламж эзэмшигчийн найм нь дансандаа нэг сая төгрөгөөс бага мөнгө хадгалдаг гэсэн үг.
“The World ultra wealth” судалгааны байгууллагын 2013 оны тайланд Монголын 35 чинээлэг иргэн нийт зургаан тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн дурджээ. Манай 35 иргэн тухайн үеийн ДНБ-ий гуравны хоёртой тэнцэх хэмжээний хөрөнгө эзэмшиж байв. Ингэснээр Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр ядуу буурай орны эгнээнд, цөөн тооны иргэд нь ДНБ-ий 50 хувиас илүү хөрөнгө эзэмшдэг гэсэн хосолмол үзүүлэлттэй дэлхийн цорын ганц орон болов.
Хоёр гүүрний хойд, урд талд аж төрдөг иргэдийн амьдралын түвшин хэрхэн холдсоныг энэ тоо илтгэнэ. Өөр нэгэн судалгаагаар манай улсын 810 мянган өрхийн 760 мянга буюу 94 хувь нь хуримтлал хийдэггүй гэсэн тооцоо бий.
Хуримтлалгүй эдийн засаг хямралын шуурга, ган гачгийн үед хамгийн их хохирол амсдаг. Энх цагт хөлс их дуслуулбал дайны үед цус бага урсана гэдэг шиг эдийн засаг тогтвортой үед хадгалж чадвал, доголдох үед нь хорогдол амсахгүй. Тиймээс дэлхийн олон орны иргэд өглөө босоод шүдээ угаахтай адил цалингаа аваад тодорхой хэсгийг нь хуримтлуулж хэвшжээ.
Тухайлбал, Герман зэрэг орны иргэд өрхийнхөө орлогыг багадаа 12 дахин үржүүлсэнтэй адил буюу нэг жилийнхээ орлоготой тэнцэх хэмжээний мөнгө “дарсан” байх ёстой хэмээн үздэг байна. Ингэж байж гэнэтийн саадыг барьц алдалгүй давна. Өрх гэрээс гадна улс үндэстний хувьд ч хуримтлал чухал.
Тэгвэл монгол хүмүүс яагаад хадгалдаггүй вэ. Энэ нь нэг талаас нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой байж мэдэх юм. Монголчууд эртнээс нааш малаа даган усны тунгалаг, бэлчээрийн соргогийг шилж дөрвөн улирлын турш нүүдэллэж ирсэн. Ингэхдээ өнжөөд шахам буурь сэлгэх шаардлага тулгардаг учир олон эд хогшилгүй байж. Үүнээс гадна анхнаасаа монгол хүмүүсийн хадгаламж нь мал байсан. Харин хадгалж сурах нь орлогын хэмжээтэй төдийлөн хамааралгүй аж.
Өөрөөр хэлбэл, орлого их, бага байхаас илүү олсноосоо багыг ч болов цааш нь хийж дадсан, үгүйтэй л холбоотой. Тухайлбал, энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай дундаж цалин 860 орчим мянган төгрөг байна. Тэгвэл хятад хүмүүс багадаа 3000 (1.1 сая орчим төгрөг), дунджаар 5000-6000 мянган юанийн цалинтай. Энэ нь манайхаас ойролцоогоор хоёр дахин их. Гэтэл хятад хүмүүс биднээс хэдэн зуу дахин ахиуг хадгалж байна.
А.Чулуун хэмээх тэтгэврийн хөгшин шил, лааз цуглуулан амьжиргаагаа залгуулж, тэтгэврийн хэдээрээ хувьцаанд хөрөнгө оруулж эхэлсээр нэлээд хэдэн намрыг үджээ. Тэрбээр жилд ойролцоогоор 10 орчим сая төгрөгийг хувьцааны өгөөжөөс хүртдэг гэнэ. Мөн хувьцааны ашгаа багадаа 300 сая төгрөг хүрэхээр нь хүссэн зүйлдээ зарцуулахаар шийдсэн тухайгаа ярьж байсан юм. Олон хүн тэтгэврийн мөнгөнөөсөө хадгалж, 300 сая төгрөгт хүргэнэ гэвэл харганын ноос түүж эсгий хийхтэй адил хэзээ ч бүтэшгүй зүйл гэж бодох байх. Гэтэл А.Чулуун гуай ингэж чаджээ. Харин түүнтэй адил хадгалдаг хүн цөөн байна.
Монгол өрхийн дундаж орлого 970 орчим мянган төгрөг байна. Сард 50 мянган төгрөг хадгалахад л 18 жилийн дараа хүүхдээ насанд хүрэхэд сургалтын төлбөрийг нь бэлдчихсэн байна гэсэн үг. Мөн манай улсын хуримтлалгүй 760 мянган өрхийн 30 хувь нь сарын 50 мянган төгрөг хадгалахад тухайн айл 10 жилийн дараа 13 сая төгрөгтэй, улс 3.3 их наяд төгрөгийн үндэсний хуримтлалтай болох тооцоо бий. Монгол Улс хэмээх их айлын хувьд ч адил. Хуримтлалын сан бий болгох ёстой.
Эдийн засагч М.Чимэддорж “Манай улс төсвийн зарлагаа ДНБ-ий 30 хувиас хэтрүүлэлгүй барьж, үлдсэнийг нь хуримтлуулж чадвал 2020 он гэхэд дөрвөн их наяд төгрөг хуримтлуулах боломж бий” хэмээн ярьсан юм. Тэгвэл хуримтлуулах дадлыг хэрхэн бий болгох вэ. Хүн нэг үйлдлийг 21 удаа давтахад өөрийн эрхгүй хийж даддаг гэдэг. Өглөө эрт босож сурахыг хүсвэл 21 өдөр дараалан тахиа дуугарахтай зэрэгцэн орноосоо өндийхөд ийм дадал сууж эхэлнэ.
Сэтгэлзүйчид саяхнаас тамхи татах нь дон бус зуршил гэж үзэх болжээ. Өөрөөр хэлбэл, тамхи татах үйлдлийг тархи автоматаар хийхийг шаардаж буй болохоос биш, бие эрхтэнд никотин дутагдсантай холбоогүй аж. Энэ мэтчилэн хүн сайн, муу дадал суудагтай адил сар бүр тогтмол хэмжээний мөнгө хадгалах зуршилтай болох ч боломж бий.
Монгол Улсад цалингийн орлоготой 580 мянган иргэн байгаа аж. Үүнээс 22 хувь нь л хадгаламжтай. Мөн үүн дотроо таван хувь нь л нэг сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшдэг аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улс болон өрхийн аль аль нь эдийн засгийн хямралд бэлтгэлгүй байна. Тиймээс одооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж, хуримтлалын өгөөжийг сурталчлах хэрэгтэй аж. Энэ хүрээнд Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Мөн “Голомт” банкнаас хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тус банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Судалгаанаас харахад монгол хүмүүс хэрэгцээгүй зүйлд нэлээд мөнгө зардаг аж. Үүнийгээ хадгалж эхэлбэл баян, хоосны ялгаа, баялгийн төвлөрөл зэрэг асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх боломжтой” хэмээн ярьж байсан юм. Энэ хүрээнд иргэдэд сар бүр тогтмол хэмжээний мөнгө хадгалсных нь төлөө хүү болон давхар бонус олгож байгаа аж. Тухайлбал, иргэн сар бүр 100 мянган төгрөг тогтмол хадгалбал, жилийн дараа 1.2 сая төгрөгийн хуримтлал бий болох бөгөөд банкнаас үүнийг нь урамшуулж хүү болон бонус байдлаар 130 мянган төгрөг буюу жилийн 20 орчим хувийн хүү олгох гэнэ.
Хамгийн гол нь энэ хүрээнд тогтмол хадгаламжинд хийж хэвшсэн иргэд бонусаа авах юм байна. Өөрөөр хэлбэл, хуримтлалын хөтөлбөрийн гол зорилго нь иргэдэд олсноосоо далд хийх зуршлыг хэвшүүлэх гэнэ. Мөн уг ажил эхэлснээс хойш эхний хоёр сард 25 мянган иргэн хуримтлалтай болсон бөгөөд ирэх онд 75 мянган өрхийг ийм зуршилтай болгох зорилго тавьсан байна. Энэ мэтчилэн нийгмийн хариуцлагын үүднээс иргэдийг орлогоосоо хадгалж хийж сурах дадалтай болгохын тулд олон ажил өрнүүлэх гэнэ.