Хэдийгээр зээлжих зэрэглэл нь буурсан ч Монгол Улс ОУВС-гаас тусламж авахаар байгаа, нүүрс, зэсийн үнэ дээшилж буй талаар “Nikkei Asian review” мэдээлэв. АНУ-ын хөрөнгө оруулагч Николас Эдвардс “Эдийн засгийн “бурхад” Монгол Улс руу дахин инээж эхэллээ” хэмээн Токиод болсон хурлын үеэр өгүүлснийг дээрх сэтгүүл эш татжээ.
Дэлхийн зах зээлд сүүлийн зургаан долоо хоногийн хугацаанд ханш нь хамгийн их өссөн таваараар зэс тодорсныг тэрбээр дурдаад, Монгол Улс эдийн засгийн бүтцээ өөрчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах шаардлагатайг тэмдэглэсэн байна. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хооронд бодлогын томоохон зөрчил бий гэж харахгүй байгаа” гэжээ. Бас хэдийгээр түүхий эдүүдийн үнэ дээшилсэн ч манай улсын Засгийн газар, улстөрчдийг зардлаа өсгөхгүй байх нь зүйтэй гэж ярьсан аж.
Монгол Улсын нийт өр 23.5 тэрбум ам.долларт (үүнээс Засгийн газрынх 8.4 тэрбум ам.доллар) хүрсэн. Шинжээчдийн хэлж буйгаар ирэх хоёр жилд Засгийн газар 1.7-1.8 тэрбум ам.долларын өр төлөхөөр байгаа гэж дээрх мэдээлэлд дурджээ. ОУВС-гийн тусламжийг ирэх оны хоёрдугаар сарын эхээр авч магадгүй талаар мөн бичсэн байв.