Сургуулийн хүүхдүүд, тэр дундаа бага ангийнхан биеэсээ том цүнх үүрч, газар шагайж явдаг боллоо. Ямар нэг зүйлээ гээсэндээ биш цүнхэндээ түүртээд тэгж явдаг. Тэдний цүнхэнд ном, дэвтэр, үзэг, харандаа, өнгийн харандаа, баллуур, цавуу, өнгийн цаас, баримлын шавар, шугам, усан будаг, савх, сампин, машин эсвэл барбитай төмөр үзэг харандааны сав, хоолны аяга, халбаганаас өгсүүлээд бэлтгэлийн хувцас, ангидаа өмсөх шаахай хүртэл багтдаг.
Тэр ч бүү хэл багштай харилцах дэвтэр гэж далбагар зузаан эд бий. Мөн гоё ганган саатай бал, инээмсэглэсэн, таван хошуу, одны дүрстэй наалт, гэрийн даалгаврын дэвтэр ч байна. Гэтэл манай урд хөршийнхний үйлдвэрлэдэг цүнх хүүхдээс ч хүнд. Энэ нь стандартад нийцдэг, эсэх нь эргэлзээтэй. Ямартай ч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 124 дүгээр сургуульд очиж, II ангийн сурагч А.Шинэцэцэг, Ш.Баттулга нарын цүнхийг жинлэлээ. Хөвгүүний цүнхэнд гурван ширхэг ном, үзэг, харандаа, гэрийн даалгаврын хавтас зэрэг хичээлийн хэрэгсэл байсан бөгөөд гурав орчим кг татав.
Харин охины цүнхэнд хичээлийн хэрэгслээс гадна 500 гр орчим жинтэй номын төмөр тавиур, биеийн тамирын хувцас багтсан нь түүний цүнхийг бүр хүнд болгожээ. Тийм хүнд гэж санаагүй би цүнхийг нь унагах шахсаныг нуух юун. Цүнх нь таван кг гаруй жинтэй байв. Яагаад цүнх нь ийм хүнд байгааг А.Шинэцэцэгээс асуухад “Өнөөдөр биеийн тамир орж байгаа учраас хувцсаа хийгээд хүнд болчихсон. Цүнх хүнд болохоор үүрэхэд нуруу, мөр өвддөг” гэв. Хичээлийн эрхлэгч нь түүний үгийг залруулж “Бага ангийнхны цүнхийг ихэвчлэн эцэг, эх нь барьж явдаг учраас харьцангуй ачаалал багатай. Харин ахлах ангийнхан тэдэн шиг хэрэгтэй, хэрэггүй зүйлс авч явдаггүй. I, II ангийн хүүхдүүд карт, бамбарууш зэрэг тоглоомоо цүнхлээд улам хүнд болгочихдог” хэмээв.
Түүний хэлсэн үнэн, эсэхийг шалгахаар V ангийн сурагч Н.Анужингийн цүнхэн доторхыг гаргалаа. Дунд ангийн сурагч болоод ч тэр үү, түрүүний хоёрынхоос хөнгөн байв. Гурван ном, таван дэвтэр, үзэг харандааны даавуун сав, шугам, харандаа, үзэг л гарч ирсэн. Эндээс хүүхэд нь цүнхэндээ юу хийж явааг эцэг, эхчүүд төдийлөн анхаардаггүй юм байна гэсэн дүгнэлт хийж болохоор байгаа юм.