Улаанбаатар хотод сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа хувийн 96 сургуулийн нэг нь Баянзүрх дүүргийн XXVIII хороонд байрлах “Хөвгүүд” бүрэн дунд сургууль. Гэр хорооллын айлуудтай хамар хашаанд зэрэгцэн орших намхан улаан тоосгон байшинг анх очиж байгаа хүн бол олоход амаргүй ч хятад сургууль гэхээр хужирбулангийнхан байтугай, гачууртынхан хүртэл андахгүй юм билээ. Учир нь энэ хавьд байдаг хувийн ганц сургууль нь эднийх.
Хятад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай тус сургуульд энэ хичээлийн жилд 119 хүүхэд суралцаж байна. Нэр нь л “Хөвгүүд” болохоос нийт сурагчдынх нь 40 орчим хувь нь охид гэнэ. Бусад хувийн сургууль шиг сая саяар нь эцэг, эхчүүдээс төлбөр нэхдэггүй, бас хүүхдийн сорыг шилж сонгож авдаггүй ч хотын захын алслагдсан хороодын сурагчдад чанартай боловсрол олгохыг хичээдгээрээ эднийх онцлогтой гэж дуулсан учраас зорьж ирсэн юм. ӨМӨЗО-ы Хөх хотын Хянганы сургууль болон БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол сургуультай хамтын ажиллагаа тогтоож, сурагч солилцооны хөтөлбөрөөр ахлах ангийн 47 хүүхдээ хятад хэл гүнзгийрүүлэн сургахаар урд хөрш рүү явуулсан тул биднийг очиход өглөөний ээлжийн дөрвөн анги л хичээллэж байв.
Хувийн сургууль, цэцэрлэгүүдэд улсаас сар бүр олгодог хувьсах зардлын талаар урьд нь манай сонин бичиж байсныг уншигчид санаж буй биз. Хэт өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгүүдэд заавал хувьсах зардал олгох шаардлагатай юу, тэд улсаас авдаг мөнгөө юунд зарцуулдгийг нь хянадаг уу гэх мэт асуудлыг бид өмнө нь хөндөж байсан. Энэ удаа төлбөр багатай сургуулиудад хувьсах зардлын мөнгө сургалтын үйл ажиллагаа явуулахад нь хэрхэн дэм болдог тухай сурвалжиллаа.
ХУВЬСАХ ЗАРДЛЫН МӨНГӨӨР БАГШ НАРЫНХАА ТАЛ ЦАЛИНГ ТАВЬДАГ
“Хөвгүүд” сургуулийн төлбөр олон жилийн турш 450-550 мянган төгрөг байсныг энэ жил нэмж, 650-850 мянган төгрөг болгохоос өөр аргагүйд хүрснээ Д.Хандаа захирал учирлав. Монгол Улсын гавьяат багш тэрбээр “Улсаас манай сургуульд хувьсах зардал гэж сар бүр гурван сая төгрөг өгдөг. Энэ мөнгөөр багш нарынхаа тал цалинг л дөнгөж тавьдаг. Цаана нь дахиад багш, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх, уурын зуухандаа нүүрс авах, цахилгааны төлбөр гэх мэтчилэн урсгал зардал өчнөөн гардаг. Тиймээс бага ангийн жилийн төлбөрийг 650, дундынхыг 750, ахлах ангийнхыг 950 мянган төгрөг болгож нэмсэн. Эцэг, эхчүүд боломжийнхоо хэрээр сар сард нь төлөөд явахаар тохирсон. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед сургууль, эцэг, эхчүүд харилцан бие биенээ ойлгоод, гол нь хүүхдүүддээ л чанартай боловсрол эзэмшүүлэхээр зорьж байна” хэмээн ярилаа.
Нэг сард 4-5 хүүхдийн төлбөр орж ирээд байвал урсгал зардлаа нөхөөд байх боломжтой ч тэр бүр санаснаар болдоггүй гэнэ. Есдүгээр сараас хойш нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй эцэг, эхчүүд цөөнгүй байгаагийн дээр энэ сургуульд огт төлбөргүй суралцдаг 20 орчим хүүхэд байдгийг Д.Хандаа захирал хэлсэн юм. Тухайлбал, тэтгэвэрт гарсан эмээтэйгээ амьдардаг, нэг айлын гурван өнчин хүүхэд, “Өнөр бүл” сургуулиас (өнчин хүүхдийн) шилжиж ирсэн есөн сурагч, хорооны тодорхойлолтоор “томилогдсон” зорилтот бүлгийн зургаан хүүхэд бүгд үнэ төлбөргүй суралцдаг юм билээ. Сургууль завсардсан, өнчин өрөөсөн, амьдралын боломж нөхцөл тааруу гэх мэт олон янзын хүүхэд хүн хоорондын ойлголцол, итгэлцэл хийгээд юмыг болгоё, бүтээе гэсэн чин сэтгэлийн ачаар энэ жижигхэн улаан байшинд боловсрол эзэмшиж, бас хөгжиж байна. Өнгөрсөн жил тус сургуулийг төгссөн 27 хүүхэд ЭЕШ-ын дүнгээр XXVIII хороонд байдаг улсын хоёр сургуулийн сурагчдыг ардаа хол хаяж, хүссэн сургуульдаа амжилттай элссэн гэхээр тэдний зорилго биеллээ олж буйн илэрхийлэл болов уу.
ӨДӨР ӨНЖҮҮЛЭХИЙН ЖААЛУУД ТЭРҮҮХЭНДЭЭ БАС ТАНСАГЛАЧИХНА
Хувийн сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдийн жилийн сургалтын төлбөр 650 мянган төгрөг гэвэл Монголд гайхах хүн байхгүй. Харин ч “Яасан хямдхан юм бэ” гэж магад. Тэр тусмаа Улаанбаатарт. Тэгвэл дээрх 650 мянган төгрөгт өдөр өнжүүлэхийн үнэ хөлс нь давхар багтсан гэвэл таны нүд орой дээрээ гарна биз. “Хөвгүүд” сургуулийн нэгдүгээр ангид өнөө жил 10 хүүхэд элссэн бөгөөд тэднийг өдөржин харж хандах, хооллож, унтуулах, хичээлийг нь давтуулах үүргийг хоёр багш хүлээжээ. 650 мянган төгрөг гэдэг бол Улаанбаатар хотын төвд үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэх газруудын 2-3 сарын л төлбөр шүү дээ. Гэтэл энэ мөнгөөр хүүхдүүд бүтэн жил сургуульд суралцаад, бас өдөр өнжүүлэхэд яваад болоод байна, цаана чинь. “Хувийн сургуулиуд төрийн нуруун дээрээс ачаа үүрэлцэж байхад биднийг хэтэрхий өндөр төлбөртэй гэж адаллаа”, “Хувьсах зардлыг минь буурууллаа” хэмээн энэ тэрүүгээр заргалдаад байдаг зарим сургуулийн удирдлагууд үүнийг уншаад ичиж байгаа болов уу. Дэлэм тус хүргээд, хариуд нь алд алдын ашиг харалгүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлахын бодит жишээ энэ буюу.
Биднийг очиход нэгдүгээр ангийн гурван хүү өдөр өнжүүлэхэд ирсэн байлаа. Хэдийгээр мөнгө төгрөгийн гачигдлаас болоод өдөр өнжүүлэхийн байрныхаа хөлдсөн дулааны шугамыг хараахан засаж амжаагүй байгаа ч “Багш аа, хүүхдээ энд авчрахгүй л бол үнэхээр горьгүй нь. Гадуур хувцастай нь ч хамаагүй байлгаж өгөөч” гэх залуу эцэг, эхчүүдийг нь бодоод, тэднийг хүлээж авсан гэнэ. Гурван жаалыг гадуур хувцастайгаа бээвийгээд сууж байгаа юм болов уу гээд ортол харин хажуугийнхаа цэцэрлэгт хэдийнэ “элсчихсэн”, багачуудын дунд дэнхийчихээд шинэ жилийн дуу хамт дуулаад сууж байх нь тэр. Тус сургуулийн жижигхэн байрны зүүн буланд бас нэг авсаархан цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тэр нь өдөр өнжүүлэхийн байртай нь яг залгаа учраас хүүхэд л болсон хойно гурвуулхнаа нэг ангид байж тэсээгүй бололтой. Гэхдээ тэд хоол ундаа мэдээж тусдаа зооглоно. Өдөр өнжүүлэхийн хүүхдүүдийн тэр өдрийн хоолонд төмсний хучмал, аарц өгөхөөр бэлтгэж буйгаа тогооч бүсгүй сонирхуулсан юм. Заримдаа тэд захирлынхаа өрөөгөөр “зочилж”, компьютер дээр нь хөгжим тавиулж сонссон шиг ээ амарч тухлаад, завсар хооронд нь даалгавраа хийдэг гэсэн. Төрийн, эцэг, эхчүүдийн нуруун дээрх ачаанаас ингэж үүрэлцдэг бол хувийн сургуулиудыг хөхиүлэн дэмжээд байх сан. Даанч...
“ХУВИЙН СУРГУУЛЬ ЮМ ЧИНЬ ГЭЭД ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛДАГГҮЙ”
“Хөвгүүд” сургуулийн захирал Д.Хандаагийн ач нар “Эмээгийн сургуульд очиж үзмээр байна” гэсээр байгаад сургуульд нь ирж үзсэнээ “Танай сургууль чинь сургууль биш, айл юм байна” гэсэн гэдэг. Хотын төвийн сургуульд явдаг, паартай байшинд хичээллэж, паалантай жорлонд бие засдаг жаахан хүүхдүүд амьдралын хоёр өөр өнгийг тэгж гярхай ажигласан хэрэг. Сургуулийнхаа хүүхдүүдийг ядаж боловсон жорлонтой болгочих юм сан гэж тэрбээр багагүй хөөцөлдсөн ч “Танайх хувийн сургууль юм чинь өгөхгүй” гээд халгаагаагүй гэнэ. Аргаа барахдаа тэрбээр тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн С.Жавхланд хандах бодолтой байгаа гэсэн. Ер нь гадаад, дотоодын янз бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдаж, сургуулийн орчноо сайжруулъя, гэр хорооллын хүүхдүүдэд тустай зүйл хийе гэхээр “хувийн сургууль” гэдэг ерөнхий нэг малгайнаас болоод хасчихдагт сэтгэл дундуур явдгаа тэрбээр нуугаагүй. Нээрээ л хувийн сургуулиуд дотроо аль нь ямар байр байдалтай үйл ажиллагаа явуулж байгааг мэдэхгүй хэрнээ бид бүгдийг нь нэг их мөнгө олдог байгууллага мэтээр хавтгайд нь төсөөлж, төөрөлддөг юм байна шүү дээ.