Улсын маань хүн амын тэн хагас нь төвлөрөн суудаг учраас Улаанбаатар хотын төсөв олны анхаарал татахаас аргагүй. Нийслэл хот ирэх онд 600 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага 8.5 их наяд төгрөгт хүрээд буй. Үүнтэй харьцуулбал, найман хувийг нь нийслэл хот зарцуулна гэсэн үг. Нийслэлийн төсвийн дийлэнхийг улсынхтай нэгэн адил урсгал зардалд “зориулдаг” аж.
Улаанбаатар хот маань ирэх жил 295.7 тэрбум төгрөг урсгал зардалдаа үрэх нь. Үүнээс 7.07 тэрбум төгрөг буюу багахан хэсгийг нийслэлийн ИТХ өөрийн үйл ажиллагаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулах юм байна. Тэгвэл 288.7 тэрбум төгрөг буюу дийлэнх хэсэг нь хотын захирагч Су.Батболдын мэдэлд үлдэнэ.
Улаанбаатар хот Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Тээврийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар гэх мэт олон нэгжтэй. Эдгээрийн төсвийг Су.Батболд “зохицуулах” нь мэдээж. Том дүнтэйгээс нь дурдвал, Нийгмийн халамжийн санд 101, нийтийн тээврийн үйлчилгээний нэмэлт зардалд 37.3, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нийтийн тээврийн унааны нөхөн олговорт 25.8, Бичил зээлийг дэмжих хөтөлбөрт 11 тэрбум төгрөг төсөвлөжээ. Нийслэлийн төсвийн урсгал зардлын тэн хагас нь нийгмийн хамгаалалд “урсдаг”-ийг эндээс харж болно.
Хотын удирдлагууд ирэх жил өөрийн 174.4 тэрбум төгрөгөөр 100 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх нь. “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-1”-ийн зээлийн эргэн төлөлтөд нийслэлээс ирэх жил 36.7 тэрбум төгрөг өгөх юм байна. Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй хэлбэрээр авсан энэ зээлийг эргэн төлөх мөнгө хөрөнгө оруулалтын багцад хамгийн хүнд жин дарж байна.
Улаанбаатарынханд тулгарсан бэрхшээл бол утаа. Утааг багасгахаар жил бүр их, бага хэмжээгээр мөнгө төсөвлөдөг. Даанч үр дүнд хүрдэггүй нь харамсалтай. Ирэх жилийн төсөвт утаа бууруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Иймхэн мөнгөөр утааг “захирах” боломжгүй нь ойлгомжтой. Гэвч гараа хумьж сууснаас дээр биз. Нийт 100 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд 444.1 тэрбум төгрөг шаардлагатай аж.
Дээр дурдсан тоонууд бол нийслэл хот өөрийн орлогоос санхүүжүүлэх төсөл, арга хэмжээнийх. Тэгвэл Гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх 11 томоохон төсөл байгаа аж. Эдгээрийг ирэх жил нийт 116.8 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулах юм байна. Тухайлбал, Замын цагдаагийн албаны ойролцоо гүүрэн гарц байгуулахад 18.5, Яармагийн шинэ гүүр барих, хуучныг нь засахад 17, Гачууртынхаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэхэд 21, Туул гол дээр Баянзүрхийн 288 м болон Сонсголонгийн 289.4 м төмөр бетон гүүр барихад 11.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар тогтжээ.
Мөн Улаанбаатар хотын “Цэвэр агаар” төсөлд 7.8, гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөлд 26.5, Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шинэчлэх технологи нэвтрүүлэх төсөлд 9.9, Нийслэл хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 4.1 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Төслүүдийг санхүүжүүлэх зээл, тусламжийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, БНХАУ олгох юм.
Орлого олж байж түүнийгээ зарцуулах нь айл гэрийн ч, аймаг хотын ч, улс гүрний ч зүй тогтол. Нийслэлийн Засаг дарга нийт 563 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Нийслэлийн харьяа газар, агентлагууд 542 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх юм байна. Тэгвэл харьяалах төсөвт байгууллагынхан нь 20.9 тэрбум төгрөг олох аж. Мэдээж татвараар дийлэнх орлогоо төвлөрүүлэх нь дамжиггүй. Татварын орлогоор 444.5 тэрбум төгрөг бүрдүүлэх аж.
Үүний 344.8 тэрбум төгрөг цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварынх байх гэнэ. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараар 43.3, газрын төлбөрөөр 45.5 тэрбум төгрөг цуглуулахаар тооцжээ. Эдгээр нь нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх гол сувгууд ажээ. Харин татварын бус орлогоор 91.5 тэрбум төгрөг олно гэж тооцсон байв. Улаанбаатар хотын төвийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг төсвөөсөө илүүчилж, нийслэл рүү шилжүүлдэг аж.
Хотын удирдлагууд ирэх жил дээрх дүүргүүдээс 37.1 тэрбум төгрөг татахаар тооцжээ. Чингэлтэй дүүрэг 14.5, Сүхбаатар 13.5 тэрбум төгрөг нийслэлд “бэлэглэж” гол ачааг нуруундаа үүрэх нь. Ингэснээр нийслэлийн төсвийн орлого 600 тэрбум төгрөг давж, зардлаа санхүүжүүлэх хэмжээнд хүрч буй юм.
Сонирхолтой нь зарим дүүргээсээ татаас авдаг нийслэл маань бусдад нь тусламж олгодог. Нийслэлийн Сонгинохайрхан, алслагдсан гэгддэг Налайх, Багануур, Багахангай дүүргийнхэн татаас авч амьдардаг. Эдгээрт ирэх жил нийт 13.5 тэрбум төгрөгийн хөрөнгө өгч, “ажил, амьдрал”-ыг нь дэмжих юм байна. Сонгинохайрханд тав, Налайхад 3.5, Багануурт 2.9, Багахангайд 1.9 тэрбум төгрөг хандивлана. Үүгээр зогсохгүй Улаанбаатар хот улсын төсөвт ч мөнгө илүүчилдэг. Нийслэлийнхэн ирэх жил улсын төсөвт 89.4 тэрбум төгрөг шилжүүлэхээр төлөвлөжээ. Улаанбаатар хотын төсвийн орох, гарах урсгал нэг иймэрхүү.